Нийслэлийн хэмжээнд огт сургуульгүй 51 хороо байдаг
Нийслэлийн хэмжээнд огт сургуульгүй 51 хороо байдаг. Энэ жилийн хувьд цэцэрлэг, сургуулийн 16 цогцолбор барихаар төлөвлөсөн. Харин энэ төлөвлөлтөд огт сургуульгүй 6 хороо багтсан байна. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө хоёр сургуулийн тендер л зарлагдаад байгаа юм.
Нийслэлийн огт сургуульгүй 51 хорооны нэг нь Баянгол дүүргийн 16-р хороо. Хотын төвдөө үйлчилгээ, арилжааны ашигтай бус учраас иргэд, цэцэрлэг сургуулиа бариулахаар газраа чөлөөлөхийг хүсдэггүй гэлээ. газрын асуудал нь шийдэгддэггүй учраас энэ жил цэцэрлэг, сургуулийн жагсаалтад ч эдний хороо багтаагүй байх жишээтэй.
Яг энэ байдлаас болж 16-р хороонд сургуулийн насны 2 мянга гаруй хүүхэд харъяалах сургуульгүй хүндхэн байгааг эцэг эхчүүд нь учирлаж байсан. Гэтэл энэ хорооны 167 хүүхэд сургуульд орох болчихсон байна. Харин одоо хэр нь тэд хаана, ямар сургуульд элсэх нь тодорхойгүй байгаа юм.
Уг нь төлөвлөсөн ёсоор БЗД-ийн 21-р хороо, СБД-ийн 17-р хороо, ХУД-ийн 10-р хороо, ЧД-ийн 16-р хороо, БЗД-ийн 22-р хороо, БГД-ийн 22-р хороо гэсэн огт сургуульгүй зургаан хороо 300 хүүхдийн суудалтай шинэ сургуультай болох ёстой. Гэтэл ирэх есдүгээр сарын 1-н гэхэд бүх хороо шинэ сургуулийнхаа өмнө тууз хайчлах боломж байгаа талаар мэргэжилтнүүд ийнхүү тайлбарлаж байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Тендерийн бичиг баримтын дагуу 10 сарын 30 гээд тендерийг хүлээж авахаар тавигдсан байгаа. Гэхдээ одоо тендер шалгаруулалт явагдаж дуусаад тэнд ямар нэгэн тендерт оролцсон компаниас санал, гомдол гарахгүй бол гэрээ байгуулах ажлууд хийгдээд явдаг. Тэрнээс мөн хамаарна. Ямартаа ч дээрх зургаан зарлагдсан сургуулиас таван сургууль дээр нь компаниас саналаа ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нэг сургууль дээр саналаа ирүүлээгүй. Бусад дээр нь санал ирсэн учраас одоо үнэлгээ нь хийгдэж байгаа.