Боловсролын боловсронгуй бус тогтолцоо
Монголын боловсролын тогтолцоо хүнээ хөгжүүлэх тал дээр бага анхаарч ирсэн байна.
2014.04.07

Боловсролын боловсронгуй бус тогтолцоо

Монголын боловсролын тогтолцоонд үндсэн таван гажиг бий.

1. Сургуулийн өмнөх, бага, дунд , дээд боловсролын хооронд мэдээлэл солилцоо байхгүй, хэрэгцээ шаардлага харилцан тодорхойлох механизмгүй байсан учраас боловсролтой хүн бэлтгэх бодлого сохроор хэрэгжиж байв. Тодруулбал хүүхэд дунд ангид ороод хэрхэн сурах нь бага ангийн багшаас шалтгаална, их сургуульд ороод ямар амжилт гаргах нь дунд сургуульд мэргэжлийн суурь хичээлийн судалгаанд үндэслэнэ, ажил олгогчийн шаардлагад нийцэх эсэх нь оюутан байхдаа хэр дадлагажсанаас хамаарна гэсэн боловсролын тогтолцооны амин сүнс болсон асуудал бодлогоос гадуур явж иржээ.

Монголын тогтолцоонд сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал нийлсэн нийтдээ 1101 шинэ барилга хэрэгтэй.

2. Хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг авч үзэлгүй тоон үзүүлэлт, гэрчилгээ, дипломны араас хэтэрхий хөөцөлдсөнөөс болж боловсролын чанар эрс доройтсон. Мэдээж цаг үеийн шаардлагаас хоцорсон мэдлэг, чадвар бүхий төгсөгчид ажилгүйдлийн нэгэн шалтгаан болдог.

3. Боловсролын тогтолцооны үе шат болгонд тулгамддаг уламжлалт нэг асуудал гарцаагүй материаллаг бааз, хөрөнгө санхүүжилт. Сургуулийн өмнөх болон дунд боловсролын хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж одоо болтол шүдний өвчин болсон хэвээр байна. Монгол улс шинжлэх ухааны салбарт маш бага мөнгө зарцуулдаг учраас их, дээд сургуулиудад цогц лабораторийн хүрээнд судалгаа хийж үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж алга.

Цаг үеийн шаардлагаас хоцорсон мэдлэг, чадвар бүхий төгсөгчид ажилгүйдлийн нэгэн шалтгаан болдог.

4. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд хамгийн түрүүнд эхлүүлэх нэг ажил бол чанартай багшлах боловсон хүчнийг бэлтгэх. Хэдийгээр шавь төвтэй сургалтын талаар олон жил ярьсан ч олонхи багш сурах бичигт заасан хатуу хөтөлбөрт баригдаж,  сурагчийг хөгжүүлэх, боловсролын дараагийн шатанд бие даан суралцах төлөвшлийг бий болгох асуудал орхигдож иржээ. Тиймээс хэдийгээр хэцүү ч гэсэн багш нарын хандлагыг өөрчлөх нь зайлшгүй юм.

5. Хөгжингүй орнуудад хэвшээд олон арван жил болсон боловсролын байгууллага бизнесийн субъектуудтай хамтран ажилладаг соёл, дадал одоо болтол манай нийгэмд төлөвшөөгүй байна. Нэг талаас их, дээд сургуулиуд нэгдсэн бодлогогүйгээр нэг хэсэг мэргэжлээр давхардуулан хэтэрхий олон оюутныг төгсгөдөг байхад, нөгөө талдаа зарим чухал мэргэжлийн боловсон хүчин дутагддаг. Дээд боловсролын сургалт, хөдөлмөрийн зах зээлийн зөрүүгээс үүдэж үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтнүүд Монголд ус, агаар мэт хэрэгтэй боллоо.