Л.Гантөмөр: Салбарын шинэчлэлийн үр дүн бүрэн эрхийн хугацаанд хангалттай мэдэгдэнэ
БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр “Дээд боловсрол-чанарын шинэчлэл” сэдвийн хүрээнд зангиагүй уулзалт хийсэн юм. Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Боловсролын салбарын шинэчлэл хууль тогтоомжийн хүрээнд хийгдэх үү. Эсвэл бүтцийн өөрчлөлт хийх үү?
-Үүнийг ямар хэлбэрээр хийх вэ гэдэг л асуудал байна. УИХ, Засгийн газрын тогтоол байх уу, төлөвлөлт хийх үү эсвэл хууль байх уу гэх зэргээр л ярина. Өөрөөр хэлбэр мэдлэгийн каластер буюу бөөгнөрлийг монголд хийхийн тулд хууль батлах, бодлогын баримт бичиг боловсруулахын аль нь хэрэгтэй вэ гэдэг дээр шинжээчид судалгаа хийж байна.
Бид дэлхийн шинжлэх ухааны байгууллагаас мэргэжилтэн урьчихсан байгаа. Биотехнологийн шинэ патент гаргалаа гэхэд түүнийгээ хамгаалах, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэрэг гарна. Тэгэхээр Монгол Улсын хууль, дүрэм, журам дэлхийн жишигтэй нийцэх ёстой. Тухайлбал дэлхийн шинжлэх ухааны байгууллагаас сайдын дэргэд эрдэмтдийн ёс зүйн хороо байхыг заавал шаарддаг. Түүнээс биш дэлхийд ашиглаж байгаа туршлагыг монголын орчинд гэдэг нэр залгаж хийхээ болих хэрэгтэй.
-Сургалтын хөтөлбөрийг сургуулиудын зүгээс дотооддоо боловсруулах сонирхол их байна. Тэдэнд энэ эрхийг нь өгч болдоггүй юм уу?
-Дээрээс баталчихсан хөтөлбөрийг өөрчлөх хэрэгтэй. Би сургалтын хөтөлбөрийг сургуулиуд дотооддоо боловсруулах боломж олгохыг дэмждэг. Ялангуяа сэтгүүл зүйн сургуулиудад бол бүр ч боломжтой. Учир нь төгсөгчид нь дэргэд нь мэргэжлээрээ ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа ойр ажилладаг учраас ямар боловсон хүчин хүсээд байна гэдгийг нь харж, хөтөлбөрөө сайжруулах боломжтой.
Тухайлбал Хэвлэлийн хүрээлэн нэг сайхан ажил эхлүүлж байгаа. Тодруулбал ЕБС-ийн сурагчдад мэдээлэл боловсруулах чадавхын сургалт зохион байгуулах гэнэ. Ингэснээр хүүхдүүд интернэтэд ороод хэн нэгний бичсэн зүйлд 100 хувь итгэхээсээ өмнө түүний үнэн мөнийг ялгаж, салгах чадвартай болох юм.
-Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөөсөө санхүүжилтийнхээ талыг олж, үлдсэнийг нь эрдэм, шинжилгээний ажлаасаа олдог болно гэж байна. Харин сургуулиудын зүгээс төрөөс дэмжих юм бол энэ боломжтой. Тэгвэл сургалтын төлбөр тогтвортой байх боломжтой гэж байсан. Энэ тал дээр?
-Санхүүжилтийнхээ 50 хувийг зах зээл дээрээс босгох чиглэл өгч байгаа. Үүний дагуу их, дээд сургуулиудтай гэрээ хийж байна. Үнэхээр эрдэм шинжилгээний ажлаараа мөнгө олж чадахгүй байвал сургуулийн захирлууд ажлаа өгөх хэрэгтэй.
Ерөнхийлөгч нэг лекц уншиж байхдаа хэлж байсан юм “Чиний толгойны оронд Л.Гантөмөрийн толгойг тавихгүй биз дээ” гэж.
Алтан медаль авахын тулд алтан медальтай хүнтэй ядаж хамтарсан бэлтгэл хийх хэрэгтэй.
Тэгэхээр нэгэнт захирал болно гэж өрсөлдөөд ялчихсан юм чинь ажлаа хийх л хэрэгтэй. Хэрвээ ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг гэдэг шаардлагыг тавьж байгаа. Би хэзээ ч МИУС, МУБИС-ийн захирлын өмнөөс энд тэнд очиж мөнгө хайхгүй.
Харин тэр хийсэн ажлынхаа тайланг сар бүр өгч байх хэрэгтэй. Уг нь эрдэм шинжилгээний ажлаараа мөнгө олох боломж асар их байна. Тухайлбал МУИС-ийн Эдийн засгийн сургууль гэхэд Монголбанкны судалгаануудыг хийж өгөөд жилд хоёр тэрбум төгрөг олох боломж бүрэн бий.
-Шинэчлэлийн тал дээр сургуулиудын багш, удирдлагууд мэдээлэл хомс байгаа юм шиг санагдлаа. Зөвхөн яамны хүрээнд л яригдаад байгаа юм биш үү?
-Бид бага, дунд боловсролын салбарт хийж буй ажлынхаа хэрэгжилтэд байнга мониторингийн судалгаа хийдэг. Тэндээс харахад хийсэн ажлын маань 20, бүр цаашилбал 70 хувь нь хийгдэхгүй байгаа тохиолдол ч байна. Бид бодлого боловсруулаад сургуулийн удирдлагуудад өгч байна. Харин тэд хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ ажил сургуулийн удирдлагуудаас ихээхэн шалтгаална.
Бид иж бүрэн систем хэрэгжүүлж байна. Тодруулбал сургуулийн өмнөх болон бага, дунд, их, дээд боловсролын систем, шинжлэх ухаан гэсэн том сүлжээ байгуулж байна. Ирэх намраас энэ систем ажиллаад ирэхээр хэнд, ямар сайн санал байна тэр нь ил гарч ирнэ.
Жишээлбэл фэйсбүүк, твиттерт хэн хэрэгтэй зүйл хэлнэ тэр нь олон хүнд хүрч байгаатай адил. Түүнээс биш хэн нэгний үзлээр тэр саналууд дарагдах ёсгүй. Мэдээлэл дээрээс доошоо явахгүй байна гэдэг нь мэдээллийн урсгал буруу байна гэсэн үг. Үүнийг өөрчлөхийн тулд мэдээллийн урсгалыг зөв чиглэлд оруулж байна.
-Залуучууд тодорхой мэргэжлүүд рүү хошуурч, эргээд нийгэмд боловсон хүчний илүүдэл үүсгээд байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Элсэлтийн оноон дээр нийгэмд илүүдэж буй мэргэжлийн босгыг өндөрсгөж дутагдалтай байгаа хэсэгт залуучуудыг оруулах зэрэг арга хэрэглэнэ. Энэ талын судалгаа хийгдсэн байгаа. Тиймээс энэ жил боловсон хүчний илүүдэлтэй мэргэжил дээр 400 оноо тавина.
-Аливаа шинэчлэл сайн суурь судалгаанд үндэслэгддэг. Харин боловсролын тал дээр тийм судалгаа хийгдсэн үү?
-Олон нийт чамлаад байгаа боловч энэ талын судалгаа хангалттай хийгдсэн. Гэхдээ боловсрол судлаачид нь их цөөхөн юм. Нөгөөтэйгүүр дэд бүтэц муу болохоор эрдэмтдийн ажил үргүйдээд байна. Тэдний хувьд ихэнх нь номноос, олон удаагийн туршилтад тулгуурлаж бүтээлээ хийж байна. Илүү нарийвчилсан нано түвшинд харж чадахгүй болохоор судалгааны хариу худлаа гараад байгаа. Үүнд эрдэмтэд болон Засгийн газрыг буруутгах боломжгүй.
Шинжлэх ухааныг бүхэлд нь хараад цаг үеийг нь нарийн мэдэрч инженерчлэлийн загварыг боловсруулах, хүлээж авах баг хэрэгтэй байж. Миний хувьд энэ тал дээр ухралгүй, урагшаа харж ажиллана гэж бодож байгаа. Бид цаашид магистр болон докторт асар том тэтгэлэг тавина. Тэгэхгүй бол бакалаврын мэдлэгтэй хүнээс магистрийн мэдлэг нэхэж, магистраас нь докторын чадвар шаардаад байна. Энэ бол гаж тогтолцоо. Ажлын байрны тодорхойлолтдоо докторын зэрэгтэй гэдгийг нь авч хаяад бакалаврын дипломтой хүүхэд авч ирчихээд чи чадахгүй байна гээд байж болохгүй.
-Энэ шинэчлэлийн хүрээнд шинжлэх ухааны академийн бүтцэд өөрчлөлт орох уу. Их, дээд сургуулиуд болон шинжлэх ухааны академи хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Шинжлэх ухааны академи шууд цэвэр өрсөлдөөнд орох ёстой. Би тийм л шаардлага тавина. Бидний хийсэн судалгаагаар дэлхийн шинжлэх ухаанд магистр, доктортойгоо хамт ажилласан баг ялаад байна. Алтан медаль авахын тулд алтан медальтай хүнтэй ядаж хамтарсан бэлтгэл хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр академи өрсөлдөх ёстой.
-Энэ шинэчлэлийн үр дүн хэзээ гарах вэ?
-Бидний бүрэн эрхийн хугацаа 2016 он. Тэр хугацаанд үр дүнгээ харна гэж бүх ажлаа төлөвлөсөн. Салбарын шинэчлэлийн үр дүн бүрэн эрхийн хугацаанд хангалттай мэдэгдэнэ.