Ч.Байгалмаа: Боловсролын судалгаанд суурилан шинэчлэлийг хийх хэрэгтэй
МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын доктор Ч.Байгалмаа
2014.02.25

Ч.Байгалмаа: Боловсролын судалгаанд суурилан шинэчлэлийг хийх хэрэгтэй

МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын доктор Ч.Байгалмаатай ярилцлаа.

- Боловсролын салбарт нэн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

Боловсролын салбарын шинэчлэл нь өргөн хэмжээний цогц асуудал бөгөөд багш нарын бэлтгэл, сургалтын агуулга, технологи, сурах бичиг, сурах орчин зэрэг олон талыг хамардаг.

Үүн дотроос хамгийн чухал нь цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудал. Төрөлтийн тоо ихэссэнтэй холбоотой олон хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй үлддэг. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 50 хувьд хүрэхгүй байна гэдэг асуудал тулгамдсаныг хэлээд байна. Тэгэхээр нэн түрүүнд сургууль цэцэрлэг барих, багш боловсон хүчнийг бэлтгэх хүрээг өргөтгөх хэрэгтэй. Бэлтгэсэн багш нарын мэргэжлийн хөгжлийг хангаж байх механизм үгүйлэгдэж байна.

Хүн ам хот сууринд төвлөрсөн нөхцөлд багш нарын ачаалал хэрээс хэтэрсэн. Хэрэв боловсролын чанарыг дээшлүүлье гэвэл хүртээмжийн асуудлыг эхлээд шийдэх ёстой.

Түүнчлэн боловсролын орчин, агуулгыг боловсронгуй болгох гэх мэт боловсролын шинэчлэл гэдгийг нийгмийн бусад салбараас салгалгүй шинэчлэлийг хийх хэрэгтэй.

- Одоо боловсролын яамнаас явуулж буй шинэчлэлийн бодлогын талаар юу хэлэх вэ?

Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн байршил, эзлэх хувь

“Авьяас”, “Ном”, “Багшийн хөтөлбөр” зэрэг олон төрлийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Судлаачийн хувьд зүйтэй гэж үздэг. Гэхдээ шинэчлэл гээд гадны орнуудыг дуурайх нь хэтэрхий өрөөсгөл. Монгол хүнд зориулсан боловсролын тогтолцоо монгол соёл уламжлал, сэтгэлгээ, ахуйд нийцсэн байх нь чухал. Гадны ололтыг өөрийн хөрсөнд сайтар нутагшуулна гэсэн үг.

Уул уурхай, хууль зүй гээд нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийн түлхүүр нь эцэстээ хүний хөгжил л байдаг.

Гадны туршлагыг ашиглахдаа үндэсний шинжийг хадгалахын зэрэгцээ даяаршиж буй дэлхийн чиг хандлагаас гажих ёсгүй.

- Цаг үеийн шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой багш нарын чадварыг байнга дээшлүүлж байх ямар механизм байх ёстой вэ?

Дэлхийд багш бэлтгэх олон төрлийн загвар хөтөлбөрүүд бий. Тухайлбал эхлээд сурган хүмүүжүүлэх зүй, заах арга зүй, сэтгэл судлал зэрэг багш боловсролын суурь хичээлүүдийг судалдаг. Харин дараа нь тухайн оюутан аль чиглэлийн багш болох вэ гэдгээ сонгодог нийтлэг загвар бий.

Манай орны хувьд оюутныг анхнаас нь ямар хичээлийн багш болохыг нь тодорхойлдог. Энэ систем манай нөхцөлд, ялангуяа хөдөө орон нутагт таардаггүй. Учир нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой орон нутгийн сургуулиудын сурагчдын тоо багасч байна. Сурагчдын тоо багасахаар ганц хичээл заадаг багш нарын цаг хүрэлцдэггүй. Тэгэхээр нэг багш хэд хэдэн хичээл заахад хүрдэг. Математикаас бусад хичээлийн багш нарт цаг нь хүрэлцдэггүй зовлон бий. Харин суурь мэдлэг сайтай, цаашид хөрвөх чадвартай багш бэлтгэвэл цаг нь хүрэлцээтэй байх болно.

Зарим тохиолдолд сурах бичгийн агуулга хүнд байна.
- Сургуулиудын бүтцийг өөрчилж байгааг та юу гэж бодож байна?

Ямар асуудлыг шийдэх гэж буйг ухамсарлах нь чухал болов уу. Боловсролын салбарыг шинэчилж байгаа нэрийдлээр сургуулиудыг нэгтгэж, бүтцийг нь цомхотгож ажлын байрны тоог багасгаад буй нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Ухаалаг төр юун түрүүнд иргэдээ ажилтай байлгах хэрэгтэй. Өнөөдөр маш олон төгсөгчид ажилгүй. Ажилтай хүмүүс нь бөөн стресс дунд их ачаалалтай ажилладаг. Тэдний ажлыг хөнгөвчилмөөр байна. Гэтэл яагаад ажлын орон тоог багасгаад буй нь ойлгомжгүй.

- Төгсөгчид ажлын байран дээр очоод дахин суралцах хэрэгтэй болдог. Үүний шалтгаан нь юунд байна вэ?

Нийгмийн амьдралын хурдацтай хөгжилтэй холбоотой. Мэдээлэл маш хурдан хугацаанд түгж, түргэн хуучирч буй учраас манай боловсролын хөгжлийн хурд гүйцдэггүй. Тиймээс хүн сурч ч байсан, ажиллаж ч байсан өөрийгөө цаг үедээ нийцүүлэн хөгжүүлж явах хэрэгтэй. Ялангуяа багш хүн бусдаас, шавь нараасаа үргэлж суралцдаг. Дадлагын ажлыг жинхэнэ утгаар нь хийлгэх хэрэгтэй. Их, дээд сургуулиуд төгсөгчдийнхөө цаашдын хөгжлийг хангаж,  төгсөлтийн дараах сургалтын оролцоог хангах хэрэгтэй.

- Чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд их, дээд сургууль, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах ёстой вэ?

2011 онд 6-14 насны 4.4 мянган хүүхэд сургууль завсардсан статистик мэдээ байна.

Үндсийн үндэс нь судалгаа. Их, дээд сургуулиуд судалгааны төвүүд байж түүнийхээ үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй. Харин оюутнууд судалгааны ажлын идэвхтэй оролцогч байна. Тэгвэл төгсөгч ажлын байрандаа санаа зовох явдалгүй. Сонгодог төрийн зарчим эрдэмтдийн судалгаанд сууриладаг. Судалгаагүй бодлого, шийдвэр түүхий болдог. Мөн боловсролын судалгаагүйгээр шинэчлэлийг хийх боломжгүй.

- Шавь төвтэй сургалтын тухай олон жил ярилаа. Энэ үзэл санаа хэр хэрэгжиж байна вэ?

Энэ тухай бараг 20 жил ярилаа. Ерөнхий хандлагын хувьд ач холбогдлыг ойлгоод эхэллээ. Гэхдээ хэрэгжүүлэлтэд алаг цоог зүйлс бий. Хүүхдэд юм сургая гэсэн чин сэтгэлтэй нэг хэсэг байхад зөвхөн агуулга дамжуулаад явж буй багш нар байна.

- Сурах бичгийн агуулга, стандарт цаг үеийнхээ шаардлагад нийцэж байна уу?

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ярьж буйгаар зарим тохиолдолд сурах бичгийн агуулга хүнд байна. Тухайлбал гуравдугаар ангийн математикийн хичээлийн агуулга. Сайдын тушаалаар боловсролын шат болгоныг хариуцсан сурах бичгийн баг ажиллаж буй хэдий ч сурах бичгийн судалгаа гэдэг зүйл огт хийгдэхгүй байна. Тиймээс алдаа гарах магадлал их. Японд сурах бичиг судлалын том хүрээлэн ажилладаг. Гэтэл манайд боловсролын судалгааны ажлууд хоцронгуй байна. Боловсролын хүрээлэнгээс өөр байгууллага алга.

Сурах бичгийн агуулга хүүхдийн сэтгэл зүйн онцлог, загвар дизайны нөлөөлөх байдал, хэдэн жилд шинэчлэгдэж байх, тэр байтугай ямар жин, хэмжээтэй байх зэрэг олон талын судалгаанд үндэслэдэг.