2013.11.21

Оюутнууд халуун сэтгэлийн гараа сунгалаа

“Оюуны Эрэл” оюутны холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын залуус “Халуун сэтгэл аян”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-дугаар багт оршин суух  өрх толгойлсон эмэгтэй Д.Дэлгэрцэцэгийн гэр бүлд тусламжийн гараа сунгасан байна.

“Дархан-Оюуны Эрэл” оюутны холбооны залуус Д.Дэлгэрцэцэг эгчийн хамт

“Дархан-Оюуны Эрэл” оюутны холбооны залуус маань тухайн өрхийн хашаа болон гэрийг нь цэвэрлэж, хоол цай хийн, гэрийг нь дулаалж, мод, нүүрс авч өгчээ. Мөн Д.Дэлгэрцэцэг эгчид “Merci” салоноос гоо сайхны үйлчилгээ үзүүллээ.

“Халуун сэтгэл аян”-д нийт 20 оюутан оролцсон бөгөөд цуглуулсан хандивын эд материалыг мөнгөн дүнд шилжүүлэхэд 710 мянга 650 төгрөгийн төслийг 1100-1730 цагийн дотор чин сэтгэлээсээ багаар ажиллаж төлөвлөсний дагуу амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Халуун сэтгэлтэй тусч залуучууд гэрийг нь дулаалж өглөө.

Энэ нь оюутнуудыг хамтран ажиллах, бусдыг хүндлэн, дэмжин туслах мөн асуудлыг олж харан шийдвэрлэж чаддаг, ухамсартай иргэн болон төлөвшихөд нь түлхэц болох төсөл болсон юм.

Цаашид нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэхэд холбогдох албан байгууллагатай нь хамтран ажиллаж, тухайн айлаа эргэж тойрч анхаарал халамж тавьж сэтгэлийн дэм өгч байх  зорилтыг  тавилаа.

Бид бүхнийг дэмжин хамтран ажилласан та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.

“Дархан-Оюуны эрэл” оюутны холбоо