МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад эрдэм мэдлэгт шамдан суралцаж буй мянга мянган оюутан залуус - дүү нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!
Монголын Оюутны Холбоо бол энэхүү 70 жилийн түүхийн анхдагч бас бүтээгч нь төдийгүй олон ургалч үзлээр эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй болсон өнөө цагт ч оюутны өөрийн удирдлагын манлайлах байгууллага болон хөгжиж байгаа билээ.
Миний бие 1984-1991 онд тус холбооны удирдлагад ажиллаж ид залуу насныхаа цөөнгүй жилүүдийг оюутнуудын төлөө тэдэнтэй гар сэтгэл нийлэн ажиллаж өнгөрөөснөөрөө бахархаж явдаг юм.
Чухам тэр жилүүдэд Монгол оронд нийгмийн нэг байгууллаас нөгөөд шилжих өөрчлөлт шинэчлэл өрнөж Монголын Оюутны Холбоо ардчилсан хувьсгалын талд бат зогсон түүний ялалтад үнэлж баршгүй хувь нэмэрээ оруулсныг түүх мартахгүй.
Иймд түүхт ойн энэ өдрөөр 23 жилийн өмнө ард түмнийхээ ирээдүйн төлөө их гавьяа байгуулсан оюутнууд, өнөөгийн нийгмийн гол ноён нуруу болж яваа журмын нөхөддөө мөн баярын мэнд дэвшүүлье!
Манай оюутан залуус ямар их оюунлаг, эх орноо гэсэн ариун сэтгэлтэй бас эрэлхэг зоригтой болохыг тэр үеийн үйл явдлууд, анд нөхдөө дурсаж буй энэ мөчид би дахин мэдэрч байна. Монголын оюутнууд өөр өөрийн цаг үедээ өөрчлөлт шинэчлэлийг манлайлагч хөгжлийн түүчээ байсаар байх болно гэдэгт би итгэдэг.
Өнөөгийн оюутнууд, маргаашийн эх орны эзэд та нартаа эрдэм мэдлэгийн дээдийг ерөөж их амжилт хүсье!
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД