П.Даваасүрэн: Би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуу
“Оюуны эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэнтэй орон нутгаа хөгжүүлээд оюутан залуусыг оролцоог хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар нь ярилцлаа.
-Өнөөгийн оюутан залуусын нөхцөл байдал ямар байна вэ. Танай холбоо оюутан залуусыг хөгжүүлэхэд чиглэсэн олон хөтөлбөр зохион явуулдаг. Хэр амжилттай байгаа талаараа ярина уу?
Манай холбоо оюутан залуус руу л чиглэж үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Анх 2002 онд ШУТИС-ийн клуб байдлаар үүсч, улмаар үйл ажиллагаа нь идэвхжиж, орон даяар холбоо болтлоо хөгжсөн. Одоогийн байдлаар улсын их сургуулиуд болон зарим хувийн сургууль, Дархан, Эрдэнэтэд салбараа нээсэн.
Ерөнхийдөө оюутан залууст амьдралын жинхэнэ чадварыг таниулах зорилготойгоор төлөвшил, зөв боловсон харилцаа, бусдад туслах чадвар луу чиглэж ажилладаг.
Ажил олгогчдын зүгээс дөнгөж төгссөн залуус ажил дээр гарахаараа өөрийгөө бүхнийг мэддэг, мундаг гэж бодоод, хариуцлагагүй байдлаар ажилдаа ханддаг төдийгүй хүнээс үг сонсч сураагүй гэдгийг хэлж байсан.
Энэ нь хувь хүний төлөвшилтэй хамааралтай. Гэхдээ бас их сургуулийн мэргэжил олгох хөтөлбөр нь ажил олгогч хоёрын хооронд зөрүүг үүсгэдэг. Ажил олгогчид энэ мэргэжлийн хүн ийм чадвартай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Зохих ёсны шаардлага тавих нь зүйн хэрэг, гэвч тэр шаардлагыг нь хангаж ажиллах боловсон хүчин хомсхон байна. Тийм учраас залууст мэргэжлээс гадна нэмэлт чадварууд хэрэгтэй.
Харин бид өөрсдийнхөө хэмжээнд оюутнуудаа хөгжүүлэхээр ажилладаг. Тухайлбал дөнгөж нэгдүгээр курсад ороод оюутан болж байгаа хүүхдүүдэд зориулж “Бид оюутан боллоо” семинарыг мянган оюутны хүрээнд хийдэг. Сургуулийн захирлууд ч дэмждэг. Тус семинараар хэрхэн амжилттай суралцах вэ, амьдралын зорилго төлөвлөгөөний талаарх мэдлэгийг олгодог.
-Хөтөлбөрөөс ямар үр дүн гарч байна вэ. Ажил, амьдрал дээр амжилттай явж байгаа залуусын тухай товчхон мэдээлэл өгөөч?
Сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжээд хүүхдүүд өөрсдийгөө том хүн болчихлоо хэмээн боддог. Тиймээс ч зарим тохиолдолд нийгмийн янз бүрийн буруу зүйл рүү уруу татагдахдаа амархан. Манай холбооны гишүүн болвол зорилго, төлөвлөгөөг нь чиглүүлж, хэрхэн бие хүн болж төлөвших, эх орондоо хэрэгтэй зүйл хамтдаа бүтээе гэдгийг ойлгуулдаг. Өнгөрсөн хаврын судалгаагаар манайх 370 гишүүдтэй
Өглөөний угтан авалт хийж байгаа нь
байсан. Одоо гишүүнчлэлийн сургалтууд ид явж байгаа болохоор энэ тоо шинэчлэгдэнэ.
Гишүүд маань өөрсдийнхөө салбар бүрт амжилттай явж байгаа. Тухайлбал манайд холбоонд Их сургуулийн 3-р курстээ анх гишүүн болж байсан Ганбилэг гэдэг залуу өөрийгөө хөгжүүлж, гадаад хэлийг ч өөрийн хичээл чармайлтаар сураад Америкийн хөтөлбөрт маш амжилттай оролцоод ирсэн. Одоо тэрээр “Вагнер Азиа” компанид ажиллаж байгаа бөгөөд сайхан гэр бүлтэй жаргалтай амьдарч байна. Түүнээс гадна оюутан залуус маань өөрийн зорилго төлөвлөгөөгөө тодорхой болгож хичээлийнхээ хажуугаар цэрэгт алба хаагаад ирсэн, олон улсын соёлын солилцоонд хамрагдаж одоо амжилттай суралцаж байгаа гээд дурдаад байвал олон залуус бий.
-Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо ямар байгаа гэж боддог вэ. Энэ тал дээр оюутнууд юу хийж чадах вэ?
Оуютан залуус нэгдүгээрт өөрсдөө хөгжих хэрэгтэй. Танхимд суугаад нэг хүний ярьсныг л сонсдог биш өөрсдөө хичээж, хайж эрэлхийлж, тэмүүлж байх хэрэгтэй. Энэ ч үүднээс манай хөтөлбөрүүд их сонирхол татахаар онцлогтой. Танхимын сургалт явагдахаас гадна тухайн оюутанд өөрийн биеэр асуудлыг мэдрүүлэх сургалт явуулдаг. Тухайлбал хөдөө орон нутгуудаар очиж, үе тэнгийнхэндээ сурсан зүйлээ хуваалцаж, аймаг орон нутгийнхаа хөгжилд залуусыгаа уриалан дуудах арга хэмжээ зохиодог. Өнгөрсөн жил Дарханы салбар клубын залуус өөрсдөө санаачилга гаргаж, засаг даргатайгаа уулзаж тухайн хотоо хөдөлгөж чадсан. Өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдуудад өөрсдийн чадах зүйлээрээ тусалсан. Дулаан хувцас, нэмнээ, лаа шүдэнз гэх мэт.
Тиймээс залуус бид заавал төр засгийн гарыг харж, хэн нэгний зөвлөгөөг хүлээгээд суулгүй, эх орныхоо төлөө юуг хийж чадах вэ гэдгээ бодвол орон нутаг маань хөгжинө. Хүн бүрийн санаачилга л улс орныг хөгжүүлнэ.
-Өвөл зуны амралтаа холбооны залуус хөдөө орон нутгуудаар ажилладаг гэсэн. Хичнээн аймгуудад ажилласан бэ?
Энэ хөтөлбөрийг 2009 оноос хойш хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар 19 аймагт 20 гаруй суманд очжээ. Баян-Өлгий, Орхон аймгуудад хараахан амжаагүй байна. Энэхүү хөтөлбөрөөс оюутан өөрөө хөгжиж, олон аймгуудаар явж бодит амьдралтай танилцдаг юм.
Ард иргэдэд өөрсдийн чанасан цайгаа өгч байгаа хүүхдүүд
Энэ ажилд бас тухайн орон нутгийнх нь удирдлагууд дэмжиж, хамтарч ажилладаг. Орон нутгийн залуустай өөрийн сурсан мэдсэн зүйлээ хуваалцаж, ерөнхий боловсролын сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар өөрсдийн туршлагыг ярьж, чөлөөтэй ярилцдаг.
Мөн тухайн нутгийн ядуу буурай нэг хүнд хандив цуглуулж эд материалын зүйлээр тусалж дэм өгдөг юм.
-Дэлхийн хэмжээнд сэтгэх залуусыг хөгжүүлнэ гэж танай холбоо зорилгоо тавьжээ. Дан ганц ТББ нийт оюутан залуусыг хамарч ажиллаж чадахгүй. Тиймээс бусад оюутны холбоо, залуучуудын байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
Хамтын ажиллагаа их өрнөдөг. Дарханы холбоо маань хотынхоо засаг дарга, оюутны холбоотой хамтарч ажилладаг.
Намын харьяаллын, аймаг сумын гээд зөндөө оюутны холбоо бий. Гэхдээ ихэнхи нь хэн нэг хүн, улс төрчийн харьяалалтай. Манай холбоо ашиг сонирхол, амбицын төлөө явдаггүй. Оюутан залуусаа хөгжүүлэхэд л анхаардаг. Яагаад гэвэл эргээд оюутан залуус маань улсаа хөгжүүлэх учраас өнөөдөр бид яаж ажиллахаас шалтгаална. Ирээдүй үе маань сайхан нийгэмд амьдраасай гэж би хүсдэг.
-Ойрын ирээдүйд залуус руу чиглэсэн ямар ажлыг зохиохоор төлөвлөж байгаа вэ?
Оюутан залуусыгаа олон улсын семинар, уулзалтуудад явуулах бодолтой байгаа.
Түүнчлэн орон нутгаа дэмжих их ажлууд байна. АНУ-н ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хэлснээр эх орон надад юу өгөх вэ гэж асуух биш, би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэдгээ хүн бүр, залуус болгон өөрөөсөө асуудаг байгаасай.
Энэ л хандлагыг төлөвшүүлж чадвал эх орон маань хөгжинө.