С.Ууганбаяр: Улсын хөгжил гэдэг хувь хүний хөгжил, хичээл зүтгэлээс хамаардаг
ШУТИС-ийн оюутан С.Ууганбаяр
2013.09.23

С.Ууганбаяр: Улсын хөгжил гэдэг хувь хүний хөгжил, хичээл зүтгэлээс хамаардаг

Наймдугаар сарын 20-ноос 29-ний хооронд АНУ-д Мартин Льютер Кингийн “I have dream” илтгэлийн 50 жилийн ойн арга хэмжээнд Монголоос оролцох оюутан залуусыг бүрдүүлэхэд ажилласан хоёр байгууллагын нэг нь “Оюуны эрэл” оюутны холбоо гэдгийн талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл тус арга хэмжээнд оролцоод ирсэн ШУТИС-ийн оюутан С.Ууганбаяртай ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг С.Ууганбаяр гэдэг. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан, НҮБ-ын залуучуудын хорооны гишүүн. Монголын залуучуудын хийсэн бүтээсэн, хийж бүтээж буй зүйлсийг бусад орны залуучуудтай хуваалцан, тэдний хийсэн бүтээсэн зүйлээс туршлага солилцоод ирлээ.

Олон улсын залуу удирдагч нарын чуулган 8-р сарын 21-29-ний хооронд Америкийн нэгдсэн улсын Нью Йорк, Филаделфи, Вашингтон Д.С  хотуудад зохион байгуулагдсан.

-Мартин Льютер Кингийн илтгэлийн 50 жилийн ойн арга хэмжээ хэзээ зохион байгуулагдсан. Ойн хүрээнд ямар ажлууд зохион байгуулагдсан бэ?

-Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хүнд  тавьсан “I have a dream” илтгэлийн 50 жилийн ойн баярыг 2013 оны 08 сарын 28-нд дэлхийн залуу удирдагч нарын чуулганы оролцогчид хамтдаа тэмдэглэсэн.  

Ойн хүрээнд АНУ ерөнхийлөгч Барак Обама болон бусад Америкийн удирдагч, төр нийгмийн зүтгэлтнүүд ирж илтгэл тавьсан. Энэхүү илтгэлийн хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Дэлхий энх тайван байхад АНУ болон бусад улсын оролцоо чухал байна. Дэлхийд энхтайван амар амгалан хэрэгтэй гэдгийг уриалсан.

-Хамрах хүрээ хэр байсан бэ. Хэдэн орны хичнээн хүн оролцсон бэ?

- Энэ чуулганд 72 орны 600 гаруй манлайлагч залуучууд оролцсон.

-Хэд хоногийн ямар ямар хөтөлбөртэй байсан бэ?

-Нийт ес хоногийн хөтөлбөр байсан. Эхлээд Нью Йорктой танилцах аялал хийсэн. Хоёр дахь өдөр нь НҮБ-н төв байран дээр хуралдаад,

Оюутан С.Ууганбаяр АНУ-ын конгрессийн гишүүн Ноён Баттерфиелдын хамт

Гурав дахь өдөр нь  Филаделфид АНУ-ын үндсэн хууль, үнэт зүйл, үндсэн хуулийг баталж байсан хүмүүсийн намтар мөн хууль баталсан өрөөтэй танилцсан. Дөрөв дэх өдөр нь чөлөөт өдөр байсан учир далайн эрэг дээр очсон.

Тав дахь өдөр нь Вашингтон хоттой танилцах аялал хийсэн. Энэ үеэр Мартин Лютер Кингийн үйл ажиллагааны бэлтгэл ажилтай танилцсан. Орой нь Вашингтон дахь Эмират, Индонез улсын ЭСЯ-ны хүлээн авалтад орсон.

Зургаа дахь өдөр нь Дэлхийн банканд “Бизнес эрхлэлт ба үйлчлэл”  сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг дэлхийн өндөр албан тушаалын хүмүүс удирдан зохион байгуулсан.

Долоо дахь өдөр нь Америкийн Конгрессийн танхимд Мартин Льютер Кингээс хэрхэн суралцах, тэр хүний алсын хараа, дэлхийнх байсан уу, Америкийнх байсан уу гэх мэтчилэн асуултууддаа хариулт авсан. Энд мөн Угандагийн парламентийн гишүүн болон бусад Конгрессийн танхимд ажилладаг хүмүүс илтгэл тавьсан.

Найм дахь өдөр нь “Би мөрөөдөж байна” илтгэлийн гол арга хэмжээнд оролцоод, ес дэх хоногт нь нутаг буцсан.

-Энэхүү хөтөлбөрөөс суралцсан зүйл юу байв. Залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ерөнхийдөө хэн нэгэн дарга, сайд, ямар нэгэн хүн шийдвэр гаргахыг хүлээх биш, залуучууд өөрсдөө оролцох хэрэгтэй. Залуучуудын оролцоо маш чухал байна. Залуучууд маань зөвхөн багшийн заасан зүйлийг сурахаас илүү дэлхийн хэмжээнд сэтгэж, Олон улсад өрсөлдөх мэргэжилтэн болох  хэрэгтэй юм байна гэж харсан.

Ийм боломж нөхцөл өмнө маань нээлттэй байна. Өөрсдөө ямар нэгэн зүйлийг санаачилж бусдыгаа уриалж зөв зүйл рүү явах хэрэгтэй. Миний бодлоор улсын хөгжил гэдэг хувь хүний хөгжил, хичээл зүтгэлээс хамаардаг. Ер нь өөрийнхөө сайн юм мэддэггүйгээ мэдээд ирлээ.

-Дэлхийн шилдэг залуучууд оролцсон чуулга уулзалтанд оролцоод ирсэн залуу хүний хувьд монголын нийгэмд залуучуудын оролцоо хэр байна гэж харсан бэ?

-Манай залуучууд цагаа зөв боловсон өнгөрөөдөг болсон байна. Гэхдээ шинжлэх ухаан талруугаа манай оюутан залуусын оролцоо сул. Тэрнээс сайн дурын илтгэдэг, ярьдаг, мэтгэлцдэг талын чадварыг дээшлүүлдэг газрууд олноор бий болсон.

Чуулганд 72 орны 600 гаруй манлайлагч залуучууд оролцсон.

Залуучууд өөрсдөө санаачлаад хийж бүтээж байна. Одоо илүү их өндөр зорилгын төлөө, шинэ техник технологи ашиглан дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэх  ч юм уу тэр тал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй. Мөн бизнес эрхлэлт маш чухал. Төгсөөд нэг диплом аваад нэг компанид ажиллах биш.

Гагцхүү сурч байх явцдаа гаргасан шинэ санаагаа ажил хэрэг болгон түүнийгээ зөвхөн монголын зах зээл дээр зарж борлуулах биш, илүү өндөр цар хүрээтэй, дэлхийд тэр бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажилладаг залуучууд хэрэгтэй байна. Монгол залуучууд оюуны цар хүрээгээ ашиглан илүү ихийг хийх боломжтой гэж харсан.