Эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэхээр боллоо.
2013.09.05

Оюутнуудад гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг олгоно

Эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэхээр болсон. Уг аяны нээлтийг энэ сарын 6-нд Сүхбаатарын талбайд албан ёсоор тэмдэглэх аж.

 Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргалтай ярилцлаа.

-Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэж байхаар болсон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлыг БШУЯ-ны харьяа их, дээд сургууль, коллежууд өөрсдөө хариуцаж ажилладаг. Өөрөөр хэлбэл, өөрийн сургууль дээр сургуулийн оюутнуудын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан эмчтэй байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эмэгтэй оюутнуудын дунд хүсээгүй жирэмслэлт ихэссэн. Үүнээс болж амь насаа алдах тохиолдол ч нэмэгдэж байна. Тиймээс эхийн эндэгдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгох шийдвэрийг гаргасан.

-Аяны хүрээнд ямар ажил зохион байгуулах вэ?

-Гэр бүр төлөвлөлт болон хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлтийн талаар оюутнуудад мэдлэг, мэдээлэл олгоно. Мөн оюутнуудтай хамтран ажилладаг байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах төлөвлөгөөтэй байна.

Гэр бүр төлөвлөлт болон хүсээгүй жирэмслэлт нь оюутнуудын өмнө тулгараад байгаа нэн чухал асуудлын нэг болоод байна. Тиймээс тэдний эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулахаар Эрүүл мэндийн сайдын санаачилгаар уг ажлыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна.

-Сарын аяны нээлтийг энэ сарын 6-нд тэмдэглэнэ гэсэн үү?

Гэр бүр төлөвлөлт болон хүсээгүй жирэмслэлт нь оюутнуудын өмнө тулгараад байгаа нэн чухал асуудлын нэг болоод байна.

-Аяны нээлтийг энэ сарын 1-нд хийхээр төлөвлөж байсан ч олон үйл ажиллагаа давхцаад байсан. Тиймээс аяны нээлтийг энэ сарын 6-нд төв талбай дээр хийхээр төлөвлөсөн. Энэ үеэр сарын аяныг сурталчилах телевизийн ток шоу, сургалт сурталчилгаа зохион байгуулах, их, дээд сургуулиуд дээр очиж, оюутнуудад хэрэгцээт мэдээллийг нь өгөх, дээрх сэдвээр лекц унших зэрэг ажлыг зохиож байна. Түүнчлэн аяны хүрээнд хийх хамгийн эхний ажил бол салбар дундын оролцоог хангах асуудал байсан.

Тиймээс МОХ, БШУЯ, ХАХНХЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа байгууллагууд, Олон улсын байгууллагын төлөөлөл болох Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг маань чиглэл чиглэлээр ямар ажил хийвэл оюутнуудад илүү хүрч болох асуудлыг ярилцсан. Гэхдээ эхний ээлжинд “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны турш юу хийх, цаашид оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх зэрэг асуудлыг ярилцсан.

Түүнчлэн МОХ-той хамтраад оюутнуудад эрүүл мэндийн ямар асуудал тулгардаг талаар судалгаа хийхээр төлөвлөж байна. Учир нь ЭМЯ-наас жирэмсэн эх эндээд байгаатай холбоотой санаачилга гаргадаг боловч үнэндээ тэдэнд ямар асуудал тулгардаг талаар бид тийм сайн мэдэхгүй. Тиймээс МОХ-той хамтарч хийх судалгаа маш чухал ач холбогдолтой байх болно.

-ЭМЯ-аас уг ажлыг эхлүүлэхэд тодорхой хэмжээний судалгаа хийсэн байх. Ер нь дунджаар жилд хэчнээн оюутан хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлж байна вэ?

-Бид жил бүр хэдэн эмэгтэй үр хөндүүлсэн, хэд нь эндсэн зэрэг албан ёсны эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан статистик мэдээллийг судалж үзсэн. Түүнээс жилд хэдэн оюутан жирэмслэв, хэд нь эндэв, хэдэн хувь нь жирэмснээс хамгаалах талаар мэдлэггүй байгаа гэсэн нарийн судалгаа байхгүй байна. Тиймээс энэ чиглэлээр судалгааг хийж өгөх хүсэлтийг БШУЯ, МОХ-нд хүргүүлээд байна.

-Их, дээд сургуулиудын эрүүл мэнд хариуцсан эмч, эмнэлгийн ажилчидтай ЭМЯ ямар нэгэн уялдаа холбоотой ажилладаг уу?

-Их, дээд сургуулиуд эмчээ сонгохдоо өөрсдөө сонгон шалгаруулж авдаг. ЭМЯ-наас тэнд эмч томилдоггүй. Тиймээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажилладаг эмч нарыг цуглуулж зөвлөх уулзалт хийнэ.

Тодруулбал, тухайн эмч, ажилчид оюутны эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд юу хийж байгаа болон ямар асуудлууд тулгамддаг. Түүнчлэн тэдэнд мэргэжил арга зүйгээр хангах шаардлага байгаа эсэх цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана.