“Монголын залуучуудын өдөр” бүх оддын нэгдсэн тоглолтоор хаалтаа хийлээ
“Монголын залуучуудын өдөр” хаалтын тоглолт
2013.08.27

“Монголын залуучуудын өдөр” бүх оддын нэгдсэн тоглолтоор хаалтаа хийлээ

Хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 92 жилийн ой өчигдөр тохиосон.

Жил бүрийн 8-р сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон бөгөөд энэ жил ХАХНХЯ-аас санаачлан МЗХ-той хамтран “Залуучуудын хөгжилд хамтдаа” нэрийн дор “Чингисийн талбай”-д нийт залуучууд баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

“Монголын залуучуудын өдөр” өдөрлөг, үдшийн цэнгүүн гэсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд өдөрлөгөөр залуучуудтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд 30 асар байршуулан өөрсдийн мэндчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, хүрэлцэн ирсэн залууст мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр МЗХ-ны өнгөрсөн оны 10-р сараас эхлүүлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн болон “Авлигын эсрэг Би авахгүй, Би өгөхгүй”, “Спирт үү, Спорт уу” аянд залуус нэгдэн гарын үсгээ зурж, зургаа авахуулан дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.

Залуу хөгжлийн төв нээлээ

Мөн ХАХНХЯ-ны сайд С. Эрдэнэ залуучуудын байгууллагуудын асраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд МЗХ-ны асарт хамгийн түрүүнд саатаж “Авлигын эсрэг Би авахгүй, Би өгөхгүй” аянд нэгдэн “Спирт үү, Спорт уу” аяныг дэмжиж “Спортыг сонгож байна” хэмээн зургаа авахууллаа.

Харин бүх оддын нэгдсэн үдшийн цэнгүүн 20:00 цагаас эхэлсэн бөгөөд үдэшлэгт залуучуудын сонсох дуртай хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөн залуустай нэгэн үдшийг хамтдаа дуулж, бүжиглэн өнгөрүүллээ. Тодруулбал, дуучин “Харангын” Х.Лхагвасүрэн, СТА “A-Cool”, Б.Баярцэцэг, Т.Дэлгэрмөрөн, Реппер Жи, “Хар сарнайн” С.Амраа болон “Дижитал”, “Татар”, “Лемонс”, “Киви”, “Мотив” , “Victory” “Extacy” зэрэг хамтлагууд оролцсон юм. Дашрамд дуулгахад энэ жилийн залуусын өдрийг 8-р сарын 12-25- ны хооронд тэмдэглэж цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

Тухайлбал, “Залуус лиг 2013” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, Дархан хотод “Залуус хөгжлийн төв”-ийг нээж, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулсан. Ийнхүү Монголын мянга мянган залуус өөрсдийн баярын өдрөөр өнгөрсөндөө дүгнэлт хийж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, үзэл бодлоороо нэгдэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.