35 тэрбум төгрөгөөр "Унадаг дугуйтай Улаанбаатар"-тай болно
“Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг бий болгохоор УИХ-ын гишүүн, УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй хүмүүс өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Монголын Залуучуудын холбоо уг бүлгээр дамжуулан “Унадаг дугуйтай Улаанбаатар" төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барих хүсэлтэй байгаагаа мэдээллийн үеэр онцолж байсан юм.
“Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд Монголын Залуучуудын Холбоо бусад байгууллагуудтай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан гэнэ. Энэхүү төслийн нэг онцлог нь анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлтэд тулгуурлан хийгдэж байгаа бөгөөд нэг сарын хугацаанд иргэд цахим ертөнцийг ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаар хүсэлтээ илэрхийлсэн бол иргэд тус холбооны байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж өгчээ.
Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч байгаагаа илэрхийллээ.
Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч байгаагаа илэрхийлэн уг төслийг дэмжээд байгаа гэлээ. Уг төсөл УИХ-аар дэмжигдэн ирэх оны төсөвт тусгагдаж чадвал Улаанбаатар хотод гурван жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр бий болох боломжтой юм байна. Ингэснээр унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлж замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгаж, хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлэх ач холбогдолтойг хэлцгээж байлаа.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд 35 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа аж. Улсын төсвөөс санхүүгийн асуудлыг нь шийдээд өгвөл ирэх жил 58 км унадаг дугуйн замтай болох юм байна. Төслийн хүрээнд нийслэлийн гол замуудын дагуу унадаг дугуйн зам тавигдахаар төлөвлөгджээ. Дугуйн зам дахь 99 зогсоолыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн зардлаар хийх гэнэ.
Унадаг дугуйн зам гэж тусдаа шинэ зам хийгдэхгүй бөгөөд авто зам дагуух явган хүний замыг ашиглан хийхээр болжээ. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамт “Спорт уу, спирт үү”, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” төслийг УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээс танилцуулаад, эдгээр төслийг мөн УИХ-д өргөн барих хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.