Энэ онд 16 цогцолбор ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн билээ.
Эдгээрээс энэ онд Баянзүрх дүүргийн 19, 22, 23, 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 24 дүгээр хороо, тус дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн хашаанд, Сүхбаатар дүүргийн 17, 9 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 10, 14, 15 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 16, 17 дугаар хороонд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төвсийн хөрөнгөөр барина.
Цогцолборын барилга нь нэг маягийн загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ 500 метрийн радиус дотор хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм. Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь хоёр хаалгатай, урд талаар гол орцтой, хойд талаараа ажилчдын болон онцгой байдлын орцтой байх юм байна. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөөнүүд нар үзэх боломжтой төдийгүй, сургалт хүмүүжлийн барилгын норм дүрмийг мөрдлөгө болгон зураг төслийг боловсруулжээ.