Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.01.03

Алслагдсан сургуулийн сурагчид автобустай боллоо

Нийслэлийн ерөнхий боловсролын 9 сургууль сурагчдын автобустай боллоо. Автобус тус бүр нь 90 сая төгрөгийн үнэтэй.

Энэ хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргасан юм. Сурагчдын автобусыг нийлүүлэх үүргийг “Хьюндай” компани хүлээжээ. Ингэхдээ монголын эрс тэс уур амьсгалд зориулж хүүхдүүдэд үйлчлэх автобуснуудад тусгай тоноглол хийсэн байна. Нэмэлт халаалт тавьж, мөн үйлдвэрээсээ дан шилтэй гардаг ч хүйтний улиралд цантахгүйг нь тооцоолж давхар цантдаггүй шил хийжээ.

Энэ удаагийн 9 автобусыг сурагчдын автобус зайлшгүй шаардлагатай байгаа СБД-ийн 35, 71 дүгээр сургууль, ХУД-ийн 7, 26 дугаар сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, СХД-ийн 67, 122 дугаар сургууль, БГД-ийн 19 дүгээр сургуулиудад хуваариллаа.

Тооцоогоор шинэ автобуснууд ажилд гарснаар 2621 хүүхэд хүлээхгүй, даарахгүйгээр сургуульдаа явах боломжтой болж байгаа юм. Автобуснууд өдөрт 402 км-ийг туулж  Бэлх, Сэлхээс эхлээд Шарга морьт, Морингийн Даваа, Био комбинат, Монос, Тахилт, Эмээлт, 22-ын товчоо хүртэл маршрутаар сурагчдыг сургууль гэр хоёрынх нь дунд тээвэрлэх юм. Дашрамд дурдахад 2013 оны 12 дугаар сарын байдлаар долоон дүүргийн  34  сургууль, 2 цэцэрлэгийн  110 автобусаар 3231 сурагчдийг тээвэрлээд байна