Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2013.12.24

Боловсролын салбар энэ жилд хийсэн ажлаа тайлагнав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баримталж буй шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн явц байдалтай танилцлаа.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, тус яамны удирдлагууд болон бусад албаны хүмүүс байлцав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны шинэчлэлийн бодлогын талаар хийсэн танилцуулгадаа, тус яамнаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж  хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон ирэх жилд хийх ажлын  талаар мэдээллээ.

Сайд хэлэхдээ, “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирэх онд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой байна. Цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг хэвийн хэмжээнд хүргэхэд улсын хэмжээнд нийтдээ 1101 барилга, байгууламж, үүнээс 68 170 ортой 571 цэцэрлэг, 176 559 суудалтай 319 сургуулийн барилга, 14 105 ортой 120 дотуур байрны барилга, 91 спорт заалны барилгыг барих шаардлагатай бөгөөд үүнд нийтдээ ойролцоогоор 1,8 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.

2014 оны эхний хагаст цэцэрлэгүүдийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна

2013-2014 оны хичээлийн жилийн эхний мэдээгээр Улаанбаатар хотод хамгийн их ачаалалтай буюу нэг бүлэгт ногдох хүүхдийн тоо нь 40-48 сурагчтай 5 сургууль байна. Сургуулийн ачааллын хүндийн төв нь бага ангид ногдож байгаа бөгөөд тэр дундаа 1 дүгээр ангийн хүүхдийн бүлэг дүүргэлт нь ачааллын цөм хэсгийг бүрдүүлж байна.

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, Улаанбаатар хотод “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл”-ийн буцалтгүй тусламжаар 7,4 сая ам. долларын төсөвт өртөгтэй 17 канад модон технологийн цэцэрлэгийн барилгыг барих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2014 оны эхний хагаст эдгээр цэцэрлэгүүдийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна”  гэлээ. 

Мөн тэрээр боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний шинэчлэл, сурах бичгийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, тус яамны удирдлагууд болон бусад албаны хүмүүс байлцав.

Түүнчлэн дээд боловсролын хувьд мэргэжлийн төрөл, чиглэлийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, эрэлт, бодит эдийн засгийн бүтцэд нийцүүлэх, сургалтын чанарыг ажил, мэргэжилд тавигдаж буй шаардлагыг хангадаг байх, олон улсын түвшинд нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүргэх бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар дурдлаа.

Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгох, багш нарын цалин, хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх, орон сууц нийгмийн хамгааллыг нь сайжруулах, цэцэрлэг, сургуульд эрсдэлгүй, найдвартай, чанартай хоол, хүнсний үйлчилгээг бий болгох, боловсрол дахь хувийн хэвшил, иргэний оролцоог өргөжүүлж, хариуцлагатай боловсролын үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх, төрийн ачааллыг хөнгөрүүлэх, боловсролын засаглалыг хэрэглэгч, олон нийтийн эрх мэдэл, хяналтад шилжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага  тулгарч байгааг салбарын  сайд мэдээлэлдээ онцолсон юм. 

Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, дээд боловсролын талаар баримталж буй шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар холбогдох албаны хүмүүс илтгэл тавилаа.