НБГ-ын дарга Ц.Отгонбагана
2013.12.23

Нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэг шалгарлаа

Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо хамтран хоёр дахь удаагаа "Нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэг"-ийг шалгаруулах урал­даа­наа 2013 оны арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт явуулж шалгарсан цэцэрлэгүүддээ батламж гардуулах ёслолын ажил­ла­гааг Хангарьд ордны хүндэтгэ­лийн танхимд өнгөрсөн баасан гаригт явууллаа.

Батламжийг Нийс­лэ­лийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Батцэнгэл, БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Б.Ган­тулга, НБГ-ын дарга Ц.Отгонбагана болон нийслэлийн дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар гардуулжээ. 2013 оны нийслэ­лийн хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэгийн батламжийн эздээр дараахь цэцэрлэгүүд шал­гар­чээ. Үүнд, 

"Хөгжил" цэцэрлэг, 

"Мөрөөдлийн хотхон" цэцэрлэг, 

"Соёл" цэцэрлэг, 

"Хүүхэд хөгжүү­лэгч" цэцэрлэг,  

"Бөмбөө­хөн"цэцэрлэг, 

"Их монголын үрс"цэцэрлэг, 

"Гурван хөгжил" цэцэрлэг, 

"Амилагийн найзууд" цэцэрлэг, 

"Маамуу нааш ир" цэцэр­лэг тус тус шалгарсан байна. 

Энэ уралдааны зорилго нь хувийн хэвшлийн цэцэрлэгийн давуу тал болон сургуулийн өмнөх боловс­ролын салбарт үзүүлж буй үйлчил­гээг улам чанаржуулж, хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээ­ний чанар хүртээмжийг нэмэгдүү­лэхэд оршжээ.

"Нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгүү­дийг дараахь үндсэн гурван шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан байна. 

Нэгд, сургалтын гадаад, дотоод орчны тохижилт ба эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал. Энэ үзүүлэлт нь тухайн цэцэрлэгийн ерөнхий тохижилт тав тухаас гадна  ариун цэврийн өрөөний тохижилт ба багтаамж, эмчийн өрөөтэй эсэх, тоглоомын талбайтай эсэх зэрэг дэд үзүүлэл­тэнд хуваагджээ. 

Хоёрт сургалтын чанар. Энэ үзүүлэлт дотор сургал­тын хөтөлбө­рийн боловсруулалт ба хэрэгжилт, хүүхдийн хөгжлийн ахисан түвшин, хүүхдийн хүмүүжил ба төлөвшил гэсэн гурван дэд үзүүлэлтэнд хувааг­даж үндсэн хичээлүүдийн агуулгыг ба дээрх үзүүлэлтүүдийг багтаасан тестээр  түвшин тогтоох шалгалтыг тухайн цэцэрлэгийн хүүхдүүдээс авчээ. 

Гуравт, хүний нөөцийн чадавхи. Тухайн цэцэрлэгийн мэргэжлийн багшаар хангагдсан байдал, ажиллаж байгаа багш нарын боловсролын түвшин, мэр­гэ­жил цол зэрэг, мэргэжил дээш­лүүл­сэн байдал зэрэг үндсэн үзүү­лэл­түүдээр тухайн байгууллагын хүний нөөцийн чадавхийг гарга­сан. Шалгаруулалтыг Нийслэлийн Боловсролын Газар, Багшийн Хөгж­лийн Институт, Сэтгэл Судла­лын "Монгол өрх" холбооны тэр­гүү­лэх мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгч­дийн баг амжилттай явуул­жээ. Хувийн цэцэрлэг нь сүү­лийн үеийн сургалтын дэвшилтэт техно­логийг сургуулийн өмнөх салбарт амжилт­тай нэвтрүүлсэн байна.

Жишээ нь Монтессори сургалтыг нэрлэж болно. Монтессорийн сургалт нь хүүхэд төвт сургалтын сонгодог загвар бөгөөд хүүхдийг бие даасан бүтээлч сэтгэлгээ суул­гад­гаараа онцлог аж. Улаан­баатарт өнөөдөр таван цэцэрлэг монтесорри сургал­тыг амжилттай хэрэгжүүлж байна. Хувийн цэцэрлэ­гийн бас нэг давуу тал бол сургал­тын орчны стандар­тыг баридаг буюу анги дүүргэлт цөөн хүүхэдтэй байдаг. Нэг бүлэгт арваас хорин хүүхэд байдаг нь сургалтын чанар ба хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөөлдөг байна.

Сонирхуулахад Монгол улсад нийт 303 хувийн цэцэрлэгт 18 мянган хүүхэд хүмүүжиж 3018 багш, ажилчид ажилладаг гэнэ. Үүнээс Улаанбаатарт 254 нь хувийн хэвшлийн цэцэрлэгт 16105 хүүхэд хүмүүжиж 2483 багш ажил­чид ажилладаг ажээ. 

Энэхүү уралдаан нь хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг дүг­нэж, шилдэг цэцэрлэг шалгаруу­лан, нийгэмд сурталчлах, тэргүүний арга туршлагыг нь түгээн дэлгэрүү­лэх, боловсролын салбар дахь чанарын шинэчлэлийн цөм болсон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлэх баг­шийн үйл ажиллагааг дэмжих болон туршлагыг нь сурталч­лахад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болжээ.