Нийслэлийн 40 гаруй сургуулийн барилгыг ашиглах боломжгүй
14-р сургуулийн ариун цэврийн өрөөний дээвэр өнгөрсөн пүрэв гаригт нурсан байна. Энэ сургуулийн барилга газар хөдлөлтөд тэсэхгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага хийжээ.
Тус сургуулийн 2700 гаруй сурагчдын нэгээс гуравдугаар ангийн 800 гаруй сурагч сургуулийнхаа өргөтгөлийн байранд хичээллэж, харин бусад нь 44, 92, “Шавь цогцолбор” сургуулиудад хуваагдан хичээллэж байна.
14-р сургуулийн захирал В.Цэцэгээ: Шатны шатны удирдлагууд манай сургуулийн нөхцөл байдалтай ирж танилцаад хичээлийн ангиудаа хэрхэн хуваарилах зааварчилгааг бидэнд өглөө. Энэ дагуу бид ажиллаж байна. Мөн сургуулийн барилгыг нурааж шинэ барилга бариулах талаар өнөөдрөөс хөөцөлдөж эхэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас 2013 оны 12 сарын 6 наас эхлэн 14-р сургуульд хичээл явуулах боломжгүй гэсэн дүгнэлт хийжээ. Нийслэлийн хэмжээнд иймэрхүү дүн авсан 40 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ц.Отгонбагана: Газар хөдлөлтөд тэсэхгүй дээрх сургуулиудыг нэгэн зэрэг нураагаад шинэчлэх боломж улсын төсөвт байхгүй. Үүнээс нэн тэргүүнд нураах шаардлагатай сургуулиудыг нураах шийдвэр гарлаа. Энэ онд 38, 32, 73-р сургуулиудын барилгын үйл ажиллагааг зогсоолоо. Тэдэн дээр 14-р сургууль нэмэгдэж байна.
14-р сургуулийн сурагчид өөр өөр сургуульд хуваагдаж хичээллэх болсноор сурагчдыг хүргэж өгч байх хүүхдийн автобусны асуудлыг шийдэх хэрэгтэй гэж албаны хүмүүс хэлж байна.