Сургууль, цэцэрлэг барих ажлын үнэлгээ, шалгаруулалтыг дүүрэг, хороо хийнэ
Нийслэл хотод баригдаж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг яаравчлах хэрэгтэй гэдгийг нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл санууллаа.
Албаныхны мэдээлж байгаагаар дүүрэг бүрт 2-3 цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн, барилгын ажил эхэлсэн байх ёстой. Гэтэл одоогоор барилгын ажил нь эхэлсэн цэцэрлэг ховор байна. Иймээс ирэх он гэхэд эдгээр сургууль цэцэрлэгүүдийг хүлээлгэж өгөх хэрэгтэйг албаныхан санууллаа.
Өнөөдөр дэлхийн банкны долоо, нийслэлийн дөрөв, орон нутгийн хөгжлийн сангийн гурван цэцэрлэг баригдаж байгаа юм байна. Барилгын ажил удаашралтай байгаа нь сургууль, цэцэрлэг барих газрын асуудал болоод зураг төсөл буруу гэх шалтгаан байгаа. Энэ нь төлөвлөлт муугаас үүссэн гэж байна. Иймээс цаашид барилгын болоод газрын зураг төлөвлөгөөг бүрэн хянуулж ажил эхэлж байх шаардлага тавьж байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хороо сургууль, цэцэрлэг барих гэж байгаа бол тэр ажлын үнэлгээг хороо бүрдүүлж зургийн шалгаруулалтыг хороон дээр хийж, иргэдийн оролцоотой гэдэг нь санал асуугаад орхих биш, шийдвэр гаргахад иргэд оролцох хэрэгтэй” хэмээн хэллээ.
Ямартай ч ирэх он гэхэд сургууль, цэцэрлэгүүд баригдаж дуусвал хүрэлцээ 90 % болох юм. Харин гүйцэтгэгч компаниудыг чанар дээр онцгойлон анхаарахыг хяналтын байгууллагад үүрэгдлээ.