Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө худалдан авалт хийхийг уриаллаа
Эрүүл мэндийн дэд сайд, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаагийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэр цэцэрлэг” төслийн хүрээнд “Гүүд Нэйборс” Олон Улсын Байгууллагын тусламжаар манай улсад нэг тэр бум 200 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний хандив ирлээ.
Тус бараа бүтээгдэхүүн нь хичээлийн хэрэгсэл, хувцас, цүнх гэх мэт зарж борлуулах боломжтой эд материал байгаа бөгөөд энэ оны 11 сараас худалдаалж эхлэх юм.
Дэд сайд, НИХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа “Тус бараа бүтээгдэхүүнийг зарж худалдаалах газруудыг тогтсон байгаа бөгөөд БЗД-ийн 28-н хороод болоод зарим томоохон худалдааны төвүүдээр, худалдаалдаг үнийн дүнгээс нь 50-60 хувийн хямдралтай борлуулах юм.
Нийт 500 сая төгрөгийн худалдаанаас олох зорилготой байгаа бөгөөд төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд “Гэр цэцэрлэг”-ийг хөгжүүлэх сан бүрдүүлнэ. Энэ мөнгөөр хараагүй иргэдийн нийгэмлэгээс гэр худалдан авч, 10-н гэр цэцэрлэг байгуулах боломж бүрдэх юм.
“Гэр цэцэрлэг” төслийг дэмжин тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхийг уриалж байна” хэмээлээ.
Гэр цэцэрлэг амжилттай хэрэгжиж, хороо бүрт байгуулагдсанаар гэрээр хүмүүжиж байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж, хүүхдээ харж гэртээ сууж байгаа эцэг эхчүүд маань хөдөлмөрлөх боломжтой болно. Гэр бүлд ажил эрхэлж байгаа хүн нэмэгдэх нь тухайн айлын амьжиргааны түвшинд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд цаашлаад улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр болно.
Мөн гэр цэцэрлэг байгуулагдсанаар ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой юм. Иймээс та Монгол Улсын маань ирээдүй хойч болсон хүүхдийнхээ хүмүүжил, нийгмийн төлөвшил, цэцэрлэгээр хүмүүжих нөхцөл, боломж, улс эх орныхоо хөгжлийн төлөө бидний хэрэгжүүлж буй “Гэр цэцэрлэг” төслийг дэмжин тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхийг уриалж байна” хэмээлээ.
Эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд нийлүүлсэн бөгөөд одоогоор ажил эрхлээгүй байгаа иргэдээс худалдагчаар ажиллуулах юм. Энэ нь ч зарим иргэдэд түр ажил эрхлэх боломж олгож байгаа юм.