Л.Гантөмөр: Их дээд сургуулиудыг эрдэм шинжилгээний ажлаар дүгнэдэг болно
Боловсролын салбарт оюун санааны шинэчлэл хийгдэж байна. Ялангуяа, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургуулиудад оюутнууд төдийгүй багш нарын мэдлэг, оюуныг цэнэглэх ажлууд шат дараатай хийгдэж байна. Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
ИХ СУРГУУЛИУДАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ БҮРЭН НЭВТРҮҮЛНЭ
-Сүүлийн хэдэн жилд бид чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа нь боловсролын буруу тогтолцоотой холбоотой хэмээн тайлбарласаар ирсэн. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, шинэчлэх алхмыг МУИС-иас эхэлж байх шиг байна. Цаашид их, дээд сургуулиудыг энэ жишгээр чанаржуулах уу?
-Шинэчлэлийн хамгийн тод томруунаар харагдах ажил нь бүтцийн өөрчлөлт. Энэ нь зөвхөн МУИС-аар тогтохгүй. Бүх сургууль дээр хийгдэх ёстой. Яагаад гэхээр их сургууль нэртэй 15 биеэ даасансургууль бий болчихсон байна. Энэ олон сургуулиуд тусдаа байхаар багш нарын нөөц хязгаарлагдмал болчихоод байгаа юм. Өөрийнхөө харьяалагдаж байгаа сургууль, тэнхимд л багш нар нь хичээлээ заадаг, өөр сургуульд заах боломжгүй байна.
МУИС нь дотроо асар том бүтцүүдийг бий болгоод байгаа юм. МУИС-ийн нэг салбар сургуульд математик, физик, биеийн тамирын багш хэрэгтэй байхад өөр салбар сургуулиасаа авч багшлуулахгүй, зөвхөн өөрсдийн багшаар заалгана гэсэн хандлага давамгайлсан байна. Хоёрдугаарт хэтэрхий олон доктор, профессорууд багшлах болоод эрдэм шинжилгээний ажлаас холдчихсон.
МУИС- д Тэхэд 130 орчим дарга байна. Энэ 130 даргын 100 нь эрдэм шинжилгээний ажил, багшийн ажлаа хийвэл огт өөр нөхцөл боломж бий болно. Тиймээс бид боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлээс маш их зүйлийг хүлээж байгаа. Зөвхөн төсөв мөнгийг хэмнэхээс илүүтэйгээр эрдэм шинжилгээний ажлыг эрдэмтэн багш, оюутнууд хамтарч хийдэг болно.
-Энэхүү бүтцийн өөрчлөлтийг шүүмжлэх хүн бас цөөнгүй байна лээ. Олон багш нар ажилгүй болно гэж байсан. Энэ тухай та ямар байр суурьтай байна?
-Эрдэмтэн багш, судлаачид ажилгүй болно гэсэн ойлголт байхгүй.
-Эрдэмтэн багш, судлаачид ажилгүй болно гэсэн ойлголт байхгүй. Багшлах боловсон хүчин хэрэгтэй байна. Багшлах хүн олдохгүй байна. Аль ч сургуульд багшийн хэрэгцээ байна. Тэгэхээр манай эрдэмтэд сургалт руугаа анхаарах хэрэгтэй. Дараа нь судалгааны ажил хүлээгдэж байна. Тэгэхээр ажилгүй болно гэсэн ойлголт байхгүй.
-Их, дээд сургуулийн багш нь бусдыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрөө бас хөгжиж байх учиртай. Тийм болохоор салбарын яамнаас багш нарыг судалга шинжилгээний ажилд түлхүү оролцуулна гэсэн үг үү?
-Сургуулиуд орлогынхоо ядаж 50 хувийг эрдэм шинжилгээний ажлаас олж байдаг баймаар байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний ажил хийснээр нь бус хичээл зааснаар нь багш нарынхаа цалинг олгодог. Цаашид их сургуулиуд хичээл заахаас гадна эрдэм шинжилгээний ямар ажил хийв гэдгийг нь үнэлдэг, тэр үнэлгээгээр санхүүжилт нь шийдэгдэж байдаг байгууллага болж хөгжих ёстой.
-Их сургуулиудад зарим хичээлийн хөтөлбөрийг цахим системд нэвтрүүлэх талаар ярьж байгаа гэсэн. Энэ ажил хэзээнээс хийгдэх вэ. Мөн энэ сургалтын хөтөлбөрийн давуу тал нь юу байх бол?
-Их сургуулиудад мэдээллийн технологийг бүрэн нэвтрүүлнэ. Сургуулиудыг нээлттэй сургууль болгоно. Сургуулийнхаа ажлыг хийхийн хажуугаар их сургуулийн магистрт онлайнаар сурах боломжийг олгоё гэж байгаа. Хичээлийн лекцийг заавал анги руу орж авдаг биш гэртээ суухдаа, ажлаа хийж байхдаа, амралтын цагаараа өөрийн болгоод авчих боломжийг бүрдүүлэх чиглэлээр дээд боловсролын мэдээллийн нэгдсэн системийг хийж байна.
Ирэх онд энэ нэгдсэн систем ашиглалтад орно. Ингэсэн тохиолдолд боловсрол илүү нээлттэй болж, сургуулийн босгоор заавал орж сурдаг биш онлайнаар сургах боломжийг олгоно. Элсэгчдийн чанарыг дээшлүүлж байна. Энэ утгаараа энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг нэгдсэн онлайн системд шилжүүллээ. Хоёрдугаарт их, дээд сургуулийн сургалтын шинэчлэлийг одоо хийж байна. Хөтөлбөрийн шинэчлэл хийгдэхээр тодорхой мэргэжлээр сурч байгаа хүүхдүүд тэр мэргэжил дээрээ сайн сурах боломжийг бий болгоно.
Нийгэмд ямар мэргэжил хэрэгцээтэй байна түүгээр суралцуулах, мэргэшүүлэх боломжийг олгоно. Хажуугаар нь тухайн хүнд хэрэгтэй гэсэн мэдлэг олгохыг оролдож байна. Хичээлээ хийгээд, номоо сураад шаардлага хангасан нь төгсөнө. Сайн суралцаагүй, шаардлага хангаагүй нь улирна. Энэ бол маш тодорхой нэгдсэн систем дээр хийгдэж байгаа ажил.
ИХ СУРГУУЛИУДЫГ ТҮШИГЛЭСЭН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК БАЙГУУЛНА
-Эрдэм шинжилгээний ажлыг сургуулийн багш, эрдэмтэд тогтмол хийж байх ёстой гэж байна. Гэтэл манайд энэ мэт оюуны ажлыг үнэлэх үнэлэмж тааруухан байна гэж шүүмжилдэг шүү дээ?
Төр мөнгө төлж чадахгүй байгаа учраас эрдэмтдийн сайн бүтээл ил гарч чадахгүй байна.
-Эрдэм шинжилгээний ажлыг хийсэн амжилтаар нь санхүүжүүлдэг хөшүүргийг гаргаж байна. Мөн их сургуулиудыг түшиглэсэн шинжлэх ухааны парк байгуулах санаачилга гаргаад ажиллаж байна Сая БНХАУ-д Ерөнхий сайд айлчлахдаа паркийн ажлыг эхлүүлэх, ТЭЗҮ-г гаргах чиглэлээр хоёр орны эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.
Энэ бол бидний ажлын үр дүн юм. Парк байгуулах ажил хийгдэж дуусахад маш өндөр түвшний даалгавар, захиалагчтай болно гэсэн үг. Төр мөнгө төлж чадахгүй байгаа учраас эрдэмтдийн сайн бүтээл ил гарч чадахгүй байна. Тэгэхээр бид парк байгуулснаар шинжлэх ухаанд хөрөнгө оруулдаг хүмүүсийг татаж байгаа юм.
Хөрөнгө оруулагчдыг татаад ирэхээр манай эрдэмтдэд хамгийн орчин үеийн судалгааны ажлын захиалга өгч эхэлнэ. Захиалга аваад эхлэхээр өндөр цалинтай болно, дэлхийн хэмжээний судалгааны ажил руу орох, эрдэмтэд нийтээрээ хамрагдах боломж бүрдэнэ. Ингэснээрээ Монголын шинжлэх ухаан дэлхийн түвшинд шууд очих боломж бүрдэх юм.
-Ирэх онд боловсролын салбарт их мөнгө төсөвлөж байна гээд л шуугиж байна. Гэтэл жилийн жилд цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байна гэсэн шүүмжлэл дагалдажбайдаг. Энэжил шинээр барих, мөн шинээр ашиглалтад оруулах обьект хэд байгаа вэ?
-Ер нь манай салбарт бараг нэг сая хүн хамрагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр манай яамны төсөв их биш бага л гэж хэлмээр байна. Илүү том төсөв зарцуулдаг болох хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн хүүхэд, оюутнууд, тэгээд энэ салбарт ажиллаж байгаа хүнээ оруулахаар сая хүн хамрагдана. Тийм учраас төсвийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлээд явах ёстой юм байна.
Ирэх онд сургууль, цэцэрлэгийн 145 барилгыг ашиглалтад оруулах үүрэг хүлээж төсөвт өргөн барьсан. Харамсалтай нь зураг төсөл, үнэ өөрчлөгдсөн байдлаас. болоод дөрөвдүгээр сарын 1 хүртэл санхүүжилтийг нь хийхгүйгээр хойшлуулж байна. Хэрэв дөрөвдүгээр сарын 1-нд санхүүжилт нь шийдэгдчихвэл 145 обьектыг ашиглалтад оруулна. Одоо хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс сургууль, цэцэрлэгтэй холбоотой саналууд гарч байгаа. Тэгэхээр эцсийн тоо гарна. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 95 барилга дээр саналаа гаргаад ажиллаж байна.
-Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд бүрийг хөгжүүлэх, багш бүрийг чадваржуулах олон ажил хийгдэжбайна. Эцэг, эхчүүд ч ам сайтай байна. Харин хамгийн их хэл ам гаргаад байсан сурагчийн дүрэмт хувцасны гомдол одоо ч тасрахгүй байна. Энэ талаар?
-Тийм ээ. Энэ талаарх санал гомдол надад ч бас их ирж байна. Тиймээс үйлдвэрлэгчдэд хандаж шаардлага хангахгүй байгаа хувцсыг буцааж татах асуудлыг тавина. Энэ салбарыг хариуцаж буй сайдын хувьд чанартай хувцсыг хүүхдүүдэд хүргээсэй гэсэн чин хүсэлтэй байна. “Тоёото” автомашин чанарын доголдол гарангуут өөрийнхөө автомашиныг татдаг шиг хувцсыг нь солихын төлөө бид ажиллана.
Үүн дээр бөөн хуулийн асуудал үүсэх байх. Гэхдээ Засгийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хөрөнгө оруулалтыг нь хийгээд дэмжсэн болохоор нааштай шийдвэр гарна гэж найдаж байна.