Манай шинэ сургуулийнхан
Бусад: дээд сургуулийн өргөтгөл, алдарт Мянган оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилга
2013.11.27

Манай шинэ сургуулийнхан

Энэ жил шинэ сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал, өргөтгөл, лаборатори урьд хождоос илүү олноор үүд хаалгаа нээсэн ч тууз хайчилж, ТВ-ээр гарсан нь цөөн байсан учраас бага тоогоор барьсан мэт ойлголт их байна.

БШУ-ны сайд Л.Гантөмөр "Хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтээ  явж, шинэ дотуур байрандаа амьдарч, шинэ зааландаа тоглож, багш нар шинэ байрандаа хичээлээ заах нь чухал болохоос биш шоудахгүй шүү" гэж анхааруулжээ.

Графикт харуулсанчлан 2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 65 шинэ барилга, объект хүлээн авсан байна. Ондоо багтааж ахин 25 орчмыг хүлээн авах төлөвтэй, жилийн дүнгээрээ 100 шахсан объект үүд хаалгаа нээнэ.

Сүүлийн таван жилийн хугацаанд 2011 онд л хамгийн олон буюу 68 барилга хүлээн авч байснаас даруй 30 хувиар илүү дүн гарч байгаа юм.

Сонгинохайрханаас Багануурт байдаг ажилдаа очих гэж холын аялалд гардаг байсан залуу багш амьдардаг хороонд нь хаалгаа нээсэн шинэ сургуульд багшлах боллоо. Гэртээ ойрхон, мэргэжлээрээ, шинэ сургуульд ажилд орсондоо Б.Олонбаяр баяртай байна.

Нэг жилд 90 гаруй барилга байшин үүд хаалгаа нээж буйгаараа цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойших дээд амжилт болж байна. Дээрээс зааварласан конспектийн дагуу хичээлээ заах биш, багш нар сурагч нэг бүрийн авъяас чадварыг нээн хөгжүүлэхээр тулж ажиллах, хүүхэд бүхний хурууны хээ хэзээ ч давтагдаггүй агуу их ертөнц гэдгийг хүлээн зөвшөөрч, чаддаг сонирхдог зүйлийг нь олж харан, тэтгэж дэмжих, цээжлүүлж тогтоолгох бус хамтран ажиллаж, өөрөө бодож дүгнэдэг, тэр хэрээрээ хувь заяагаа бүтээдэг байх, гар нь ганзаганд хүрэх суурийг тавих чанарын шинэчлэл орчин нь үгүй бол сайхан яриа л болно.

Шинэ сургуулийн 5 дугаар ангийн сурагч.

Д.Дамдиндорж. Шинэ сургуулийн 5 дугаар ангийн сурагч. Дамька автобус дамжин сургуульдаа явж, хоцордог хүүхэд байсан юм. Цонх, шал, самбар, ширээ, сандал, бүх юм нь шинэ сургуульдаа тэр хоцрох нь битгий хэл салааны даргын хувиар ирц бүртгэдэг болсон.

Шинэ сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал хамгийн олноор ашиглалтад орсон жил боловч алтан гахайн жилтнүүдийн тоо, 6 настайгаас эхлэн суралцах 12 жилийн тогтолцоо, хүн амын өсөлт, хөдөөгөөс хот руу чиглэсэн их нүүдэл, хуучирч хасагдах барилга объект, улсын төсвийн хүчин чадал зэрэг учир шалтгааны улмаас бариад л байх тусам дутаад байх явдал нэмэгдсээр байгаа гинжин хэлхээ хэвээр байгаа юм.