2013.12.12

Л.Гантөмөр: Төсвийн хөрөнгөөр энэ салбар дахь хэрэгцээг хангаж дийлэхгүй

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх оны төсөвтэй холбоотойгоор асуултаа эхэлье. Хамгийн их төсөвтэй салбар танай яам байсан. Түүнээс бүтээн байгуулалтад хэдий хэрийн хөрөнгө зарцуулагдаж байгаа вэ. Төсөвт царцаасан барилгуудын олонх нь сургууль, цэцэрлэгийнх байсан?

-Нэгдүгээрт танаж, хассан зүйл байхгүй. Царцаана гэдэг нь шалгалт оруулж байгаа юм. Барилга барих үнэ 2-3 удаа хөдөлсөн байна. Үүний учир шалтгааныг тогтооё гэж байгаа юм. Үнэхээр ямар нэг албан тушаалтны лобби орж уу, эсвэл үнэхээр гарцаагүй нөхцөл байдал үүсч үү гэдэгт хяналт тавих байх.

Хэрвээ гарцаагүй байдалд үнэ нь хөдөлсөн барилгууд бол угаасаа ажил нь үргэлжлээд дуусах учиртай. Харин ямар нэг ашиг сонирхлын үүдээс үнэ өсгөсөн байвал ажлыг нь зогсоогоод анхны хийсэн гэрээ хэлцлийнх нь дагуу явуулах юм. Тэгэхээр аль ч хэлбэрээр энэ ажил үргэлжилнэ. Түүнээс биш сургууль, цэцэрлэгийн барилгыг зогсоох эсвэл нураах тухай яриа гарахгүй.

-Төсөвт мөнгө нь суусан байгаа гэсэн үг үү?

-Тийм. Энэ жил бид 100 гаруй барилга хүлээж авч байна. Түүхэндээ анх удаагаа шүү дээ. Ирэх жил 145 барилга хүлээн авна. Магадгүй сайн ажиллавал ирэх жил нэмж гишүүдийн оруулсан хөрөнгө оруулалт нийлэх юм бол 190 барилга хүлээн авах хэмжээнд хүрэхээр харагдаж байна. Ингэвэл бидэнд богино хугацаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх боломжууд байна.

Төсвөөс тавьж байгаа хөрөнгийн тоогоороо боловсролын салбар их харагддаг боловч, бид хүссэн хэмжээндээ санхүүжилтээ авч чадахгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, бид хүүхдүүдийнхээ сурах орчныг бүрэн хангаж чадахгүй байна. Хэрэглэгдэхүүнийг нь авч чадахгүй байна. Биеийн тамирын талбайгаа тохижуулж чадахгүй байна гээд энэ салбарт асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр төсвийн төлөвлөлтөөр бид боловсролын салбарт байгаа хэрэгцээг хангаж дийлэхгүй нь ээ гэдэг асуудлыг Засгийн газарт тавьсан.

Ямар ч гэсэн 89 бага сургуулийн цогцолборыг Концессийн хуулийн дагуу барихаар зургийг нь хийж дууссан. Хавраас энэ ажил эхэлнэ. Тэгэхээр боловсролын салбарт төсвийн хөрөнгө оруулалтыг шүтэхээс гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дайчлах хэлбэрийг цаашид зохион байгуулна.

Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн нэг том зүйл юу вэ гэхээр боловсролын салбарт хэр хэмжээний хөрөнгө хэрэгтэй юм бэ, хэдэн барилга байгууламж ойрын 4- 5 жилд шаардлагатай юм бэ гэдэг тооцоо судалгааг бүрэн хийж дуусгасан. Энэ тооцоо стратегийг гаргахад дөхөм болж байгаа. Мэдээж тулгамдаж байгаа асуудал бол гурван ээлжээр хичээллэж байгаа 5000 гаруй хүүхдийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. Дараа нь хоёр ээлжээр хичээллэдэг олон ангитай сургуулиудын ачааллыг багасгана.

Гэхдээ бүх сургуулийг нэг ээлжтэй болгоно гэж зоригтой хэлэхэд бол хэцүү.

Гэхдээ бүх сургуулийг нэг ээлжтэй болгоно гэж зоригтой хэлэхэд бол хэцүү. Нэг хүүхдэд оногдож байгаа суудлын тоог хүүхэдтэйгээ харьцуулахад 130 хувь байгаа. Үүнийг би лав бүрэн эрхийнхээ хугацаанд 110 болгоно гэсэн зорилттой ажиллаж байгаа. Цаашид 2020 он гэхэд 100 хувь болж нэг суудалд нэг хүүхэд оногддог болох юм. Улаанбаатарт нэг хүүхдэд оногдож байгаа суудал бол 150 хувьтай байдаг. 50 хувь нь хоёрдугаар ээлжинд хичээллэж байна гэсэн үг л дээ. Үүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд 10-15 хувь болгож бууруулахаар ажиллаж байна.

Тэгэхээр энэ салбарт хөрөнгө оруулалтын янз бүрийн эх сурвалжийг дайчлах хэрэгтэй болно. Бидний хийсэн төлөвлөлт дотор анхаарал татсан нэг зүйл байгаа нь юу вэ гэхээр ер нь цаашид сургуулийн барилгыг яаж эрэмбэлэх вэ. Эрэмблэх гэдэг нь ямар барилга барих вэ гэдэг асуудал байгаа юм. Эхний ээлжинд нэг хэв маягийн зураг руу шилжинэ. Дараагийн ээлжинд яавал газар хөдлөлтөд нурж унахгүй барилга барих вэ гэдэг нь том зорилт болж байна л даа. Бид хямд үнийн өрсөлдөөнөөр явсны гай сая төсөв батлах үед харагдаж байна.

Царцаасан барилгууд бол үнэндээ хямд үнээр сонгосон компаниудынх. Зарим бараа бүтээгдэхүүний үнэ жаахан өсөхөд тухайн компани нь ажлаа хийж чадахгүй болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр хямд үнээр барилга барина гэдэг бол хамгийн муу барилга барина гэсэн үг шүү дээ. Болж өгвөл бид 100 жилийн настай барилга барихгүй бол боловсролын салбарт орж ирэх хүүхдүүдийн тоо тасралтгүй нэмэгдэнэ.

Одоо бид шинэ барилга барьж байтал 20 жилийн өмнөх барилгын засварт хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй болж эхэлж байна. Магадгүй өнөөдөр баригдаж байгаа барилга дахиад засвар нэхдэг байдал үүсэх юм бол Монгол Улс үеийн үед сургуулийн барилгын хүрэлцээний тухай ярьдаг л Засгийн газартай байхаар байна. Тиймээс чанартай барилга барих соёлыг энэ салбарт яаж бий болгох вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Үүнийг Засгийн газраар, УИХ-аар зөвшөөрүүлэх ёстой гээд ажлууд бол байна.

- Ирэх жил юу хийх вэ гэж ярихын оронд ойрын хэдэн жилд энэ салбарт ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг тооцсоноороо боловсролын салбарын бодлогын төлөвлөлт үнэхээр чухал санагдсан. Үүнийг одоо ямар байдлаар ажил болгоно гэсэн үг вэ?

-Тийм төлөвлөлтийг хийсэн байна гэдэг Засгийн газар өөрөө тийм бодлоготой болсон байна гэсэн үг. Одоо эхний ээлжинд Концессийн хуулиар 100 барилгаа барих гэж байна. Дараагийн ээлжинд тулгамд- сан асуудлын дагуу бид Засгийн газарт ойрын үед оруулна. Гэхдээ өнөөдөр үүсээд байгаа асуудал бол Засгийн газрын зээлийн хэмжээний хязгаа

раас давж. хамаагүй ажил хийж чадахаа больж эхэлж байна шүү дээ. Хөгжих үү эсвэл зээлийнхээ хэмжээнд баригдаад суугаад байх уу гэдэг асуудал байгаа учраас яг ийм хугацаанд шийдэгдэнэ гэж ярих эрт байна. Хэрвээ УИХ энэ боломжийг гаргаад өгөх юм бол мэдээж энэ Засгийн газарт авах зээлийн эрхийн хязгаар дотор боловсролын салбарын зээлийг авна.

Жишээ нь, Азийн банкны удирдлагатай ярихад, бид бага сургууль барихад хамтарч ажиллахад бэлэн байна. Танай Засгийн газрын зээлийн хэмжээнд УИХ-аар яаж ший- дэгдэх вэ гэдэг байдлаар хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн гадуурх шийдлийг хийхгүй бол ирээдүйд дахиад л барилга байшингийн хүрэлцээний тухай ярьж таарна. Төсөв дотроо бол өнөөдөр тулгамдсан асуудлаа шийдээд явж болно.

-Барилга барих боллоо гэхэд газрын асуудал гарч ирэх юм. Жишээ нь, 89 бага сургуулийн барилгын газрыгтодорхой болгосон уу?

-Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод газрын асуудал хамгийн хүнд байлаа шүү дээ. Газар нь тодорхойгүй болохоор зураг хийгдэхгүй. Зураг нь байхгүй болохоор төсөв байхгүй. Төсөвгүй болохоор тендерээ зарлаж чадахгүй. Ийм л байдалтайгаар барилгын асуудал явж ирсэн.

Энэ жил Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл онцгой анхаарал тавьж байгаа. Тиймээс эхний 20-30 барилгын газрыг ямар ч асуудалгүйгээр шийдэж өгөхөөр болсон. Эхний 21 газар тодорхой болсон. Жишээ нь, нийслэлд одоо 17 цэцэрлэг барьж байна. Түүний бүх газрыг шийдэж өгсөн.

-Хороондоо цэцэрлэггүйгээс огт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд олон бий. Тэднийг хэзээ цэцэрлэгт бүрэн хамруулах вэ?

-Одоо энэ байдлаараа ажиллах юм бол бүрэн эрхийнхээ хугацаанд шийднэ. Төлөвлөсөн ажлынхаа дагуу явж чадахгүй бол мэдээж хүндрэл үүснэ. Өнөөдөр цэцэрлэгт хамрагдах насныхны 30 хувь нь орж чадахгүй байна шүү дээ. Энэ 30 хувьд зориулсан хөрөнгө оруулалтыг бид төлөвлөчихөөд байна. Нөгөө талаар хувийн хэвшлийн оролцоонд үзүүлэх урамшуулал тасралтгүй байх ёстой. Тэгвэл энэ хэвшлийн орон зай сургуулийн өмнөх боловсролын салбарт бодитойгоор бий болно гэж харж байгаа.

-Хувийн хэвшлийнхний оролцоог та жаахан тодруулаач?

 -Цэцэрлэг байгуулах хүмүүст ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй болж байгаа юм. Жишээ нь, Моргейжийн зээлд хамруулах, янз бүрийн татвараас чөлөөлөх гэх мэт дэмжлэгийн хэрэгсэл ашиглах хэрэгтэй. Нөгөө талаас тавьж байгаа стандартаа жаахан зөөллөх хэрэгтэй. Одоо бол хувийн хэвшлийнхэн цэцэрлэг байгуулах аргагүй нөхцөл тулгадаг тал байгаа.

-Төлөвлөлтөөрөө явбал сургууль, цэцэрлэгийн хомсдолыг бууруулна гэж байна. Тэгвэл төсөвт ирэх жил хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт бүтнээрээ багтсан уу?

-Ер нь төлөвлөлтийн дагуу л явсан. Газрын асуудал шийдэгдээгүйгээс болоод зарим барилгын хөрөнгө оруулалт хойшлогдсон. Мөн барилгын үнэ өссөнтэй холбоотойгоор зарим ажил хийгдээгүй. Гэхдээ бидний хувьд энэ жил 100 гаруй, ирэх жил 190 обьект хүлээж авахад том гажуудал гараад байгаа юм алга. Зарим нэг обьект нь хасагдлаа гэхэд төлөвлөсний дагуу ажил хийгдэж байна гэж ойлгож болно.

-Энэ салбарт ярьж байгаа нэг том бүтээн байгуулалт нь их сургуулиудын хотхон байгаа. Яг одоо ямар байдалтай байгаа вэ?

-Хотхоныг байгуулах ерөнхий төлөвлөгөө дууссан. Одоо хөндлөнгийн экспертэд өгөөд 4-5 сар болж байна. Бараг хагас жилийн экспертийн дүгнэлтийг хүлээсэн байдалтай л байна. Энэ дүгнэлт гарсны дараа Засгийн газраар ерөнхий төлөвлөгөөг нь батлуулна. Хэрвээ ерөнхий төлөвлөгөө батлагдвал хөрөнгө оруулагч, их сургуулийн удирдлагуудтай хийх уулзалтуудаа эхлүүлэх ёстой.

-Бидний ойлгож байгаагаар өмнөх Засгийн газарт хийж байсан зураг төсөл болоод гаднын зээл, тусламжийн хэлбэрээр орж ирэх хөрөнгө оруулалт бүгд зогссон. Энэ үнэн үү?

-Үгүй. Тэр төлөвлөсөн төлөвлөлтөөрөө л явж байгаа нь энэ. Энэ бол 10-аад тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил. Түүнийг нэг жилийн дотор төлөвлөчихдөг ч юм биш. Анхны төлөвлөлт дээр гарсан зарим тоо бол хөдөлж байгаа. Жишээ нь 250 мянга байсныг 150 мянга болгох ч юм уу. Өөрөөр хэлбэл, бид чадах хэмжээндээ асуудлыг шийдэх гэж оролдож байна.

Ийм маягийн хөдөлгөөн хийснээс биш төлөвлөж байсан газар, зураг хийсэн компани нь өөрчлөгдөөгүй. Хэтэрхий том төслийг багтаах төсөв бол манайд байхгүй. Тиймээс ээлж дараагаар нь бүтээн байгуулалтыг хийе. Жишээ нь, ШУТИС ч юм уу, өөрийнхөө сургуулийг бариад, дараа нь МУИС гэх мэтээр төлөвлөлтийг бодитой болгоё гэж байгаа. Түүнээс биш нэг хэсгийнхээ хийж байгаа ажлыг нөгөөх нь шууд зогсоогоод байгаа зүйл байхгүй. Хятадын Засгийн газраас зээл авч болох санамж бичиг хэвээр байгаа. Тэр санамж бичиг бол зээл авч болно гэсэн үг бас биш.

-Мөн Энэтхэгийн Засгийн газраас аутсорсингийн хэлбэрээр хотхон барих боловсон хүчнийг бэлтгэх Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг барихаар тохирсон тодорхой зүйл байсан?

-Энэтхэгийн 20 сая долларын аутсорсингийн зээлийн асуудал байгаа. Тэр бол яг л ном журмынхаа дагуу яваад, удахгүй тендер нь зарлагдана. Ер нь техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл зэрэг бол том хотын хувьд уддаг юм байна. Жишээ нь, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг “ЖАЙКА” хэдэн жил хийлээ дээ. Тэгж л хийгддэг юм байна. Түүнээс биш нэг сэтгүүл гаргах, хууль батлах процессоос их өөр байгааг ойлгох хэрэгтэй.

-Таны бүрэн эрхийн хугацаанд хотхоны ажил ямар төвшинд очно гэж та амлаж чадах вэ?

-Ямар ч гэсэн эхний кампууд хүнээ хүлээж авах хэмжээнд очих болов уу гэж харж байна. Одоо бидэнд үл- дээд байгаа зүйл бол ерөнхий төлөвлөгөөгөө батлуулчихвал, дараа нь ТЭЗҮ-гээ батална. Тэгээд санхүүжилтийнхээ гэрээг хийнэ. Үүний дараа бол тийм хүнд ажил биш гэж харж байна.

-Боловсролын сайд болгон нэг шинэ хөтөлбөр ярьж гарч ирдэг. Энэ нь эргээд урт хугацааны, тогтвортой бодлогоор хөгжих ёстой салбарыг туршилтын туулай болгоод байна уу гэх шүүмжлэл байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сайдуудын үед гарч ирсэн бодлогууд нэг л зүйл рүү тэмүүлж байсан. Хэн ч ухралт хийгээгүй. П.Цагаан сайдын үед гарч ирсэн үндэсний шинэ стандарт, Ө.Энхтүвшин, Н.Болормаа сайдын үед хийсэн ажлууд гээд бүгдийг нь мэдэж байгаа. Ё.Отгонбаярын үед хийсэн Кембрижийн сургуулиас авч байгаа зөвлөх үйлчилгээ үргэлжлээд явж байгаа. 20 жилийн хугацаанд манай боловсролын салбар хамгийн шилдэг боловсролын систем рүү чиглэх байсан.

Үүнийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй байсан. Одоо бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг үндсэн стратеги дээр ажлаа томъёолсон. Өөрөөр хэлбэл аль ч сайд байгаа төвшнөөсөө ухарсан алхам нэгийг ч хийгээгүй. Цаашид сайжраад л явна. Учир нь, дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоо хаана байгааг бүгдээрээ мэддэг л байхгүй юу. Түүн рүүгээ алхам алхмаар дөхөж байна.

Манайх монгол хүн гэдэг талаасаа боловсролын салбар ажиллаж байх ёстой шүү гэдгийг түлхүү хэлж байгаагаараа онцлогтой. Түүнээс биш Кембрижийн сургуулийн эрдэмтэд та нар агуулгаа, арга зүйгээ ийм болгооч гэсэн зөвлөгөөг одоо ч өгч байгаа. Бид аль ч үед нь Кембрижийн докторын хэлсэн зөвлөгөөг шууд монгол хэлэнд орчуулах ажлыг хийгээгүй.

Тэдний өгч байгаа зөвлөгөө монгол хүүхдэд яаж буух вэ гэдэгт хийдэг. Нэг үгээр хэлэхэд, монгол орчинд буулгаж ирсэн дэлхийн төвшний арга зүй, технологийг нэвтрүүлж байна. Мэдээж монгол хэл, соёл.түүх дээр кембриж нэг ч үг хэлж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь монгол хүн монголоороо сэтгэдэг, монгол хэлээ сайн эзэмшсэн байх нь бүх зүйлийг сурах эхлэл болдог. Боловсрол гэдэг тархины хөгжил шүү дээ. Тархины хөгжилд хэлний хөгжил чухал үүрэгтэй.

-Сая та Япон яваад ирэхдээ Монголд хамтарсан их сургууль барихаар болсон гэл үү?

-Бид мянган залууг техник, технологийн чиглэлээр сургахаар Японы Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Эхний ээлжинд судалгааны ажлаа хийж дуусаад, Японы Сангийн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засгийн яаманд өгсөн. Энэ сардаа багтаагаад дүгнэлтээ гаргачих байх. Үүний дараа манай Засгийн газар дээр асуудал яригдана. Тэгэхээр бид техник, технологийн чиглэлээр мянган залууг богино хугацаанд сургах боломжтой болно.

Мянган залууг бэлтгэнэ гэдэг зөвхөн бакалаврын төвшинд биш шүү дээ. Магистр, доктороор сурсан хүмүүс хамрагдана. Үүнтэй холбоотойгоор залуусаа зөвхөн гадаадад сургах биш дотооддоо сургах боломжийг давхар бий болгож байгаа. Тэгэхээр Японы техник технологийн их сургууль Монголын ШУТИС-ийг хүлээн зөвшөөрөх хэмжээний сургууль болоход туслах туслалцаа удахгүй хийнэ. Үүнтэй зэрэгцээд Японы инженерийн сургуулиудыг байгуулах ажлыг зохион байгуулахаар болсон.

Одоогоор ярилцах хэмжээнд байна. Ер нь дэлхий дээр техник, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чансаагаараа Герман, Япон гэж харж байгаа. Германы сургуулийг бид Монголдоо байгуулсан. Япон явсан бас нэг том ажил бол монгол, япон эрдэмтдийн хамтын ажиллагааг эрс шинэчлэе гэж байгаа. Япон багш нарыг Монголд ирүүлэх ажлыг идэвхтэй хийе гэсэн. Тэгвэл манай багш нар дэлхий хэмжээнд судалгаа хийх боломж бүрдэнэ. Манай эрдэмтдийн бүтээл өнөөдөр амьдрал дээр гарч ирэхгүй байгаа шалтгаан бол бүтээл үнэхээр амьдралд хэрэгтэй шүү гэдэг мэдээлэл бага.

Японы болоод дэлхийн эрдэмтдийн бүтээл хөгжөөд байгаа шалтгаан нь зах зээлд бараагаа нийлүүлж чаддаг компаниудын захиалга очоод байна. Харин манайд тийм захиалга байдаггүй. Тиймээс Японд очсон байгаа захиалгатай ажлуудыг монголчууд хамтарч хийхээр ярилцсан байгаа. Ер нь манай яамны дэвшүүлж байгаа нэг бодлого бол инженер технологийн мэргэжлийн залуусыг олон мянгаар нь Япон, Герман, Канад, Австрали зэрэг улсад сургахаар ажиллаж байгаа.