11 болон гуравдугаар сургуулийн барилгын ажил энэ онд эхэлнэ
Өнгөрсөн онд Гурав болон 11-р сургуулийн барилгыг нураасан. Дээрх хоёр сургуулийн барилгыг шинээр барих ажлыг энэ онд эхлүүлэх боловч гуравдугаар сургуулийн багш, сурагчид 2015 оныг хүртэл хүлээх хэрэгтэй болж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд цаашид ашиглах боломжгүй олон жилийн насжилттай 50 сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэгдсэн байна. Эдгээрийг зайлшгүй нурааж шинээр барих ёстой гэж холбогдох албаныхан дүгнэлт гаргаж, мэргэжлийн хяналтын газраас барилгуудыг актлах шаардлагатай гэж үзсэн боловч суурин дээр нь шинээр барих сургууль цэцэрлэгийн төсөв мөнгө батлагддаггүй учир одоо болтол сурагчид хэзээ мөдгүй нурах болчихсон байранд хичээллэж байна.
Харин өнгөрсөн оноос ашиглах боломжгүй болсон хоёр сургуулийн барилгыг нурааж шинээр барих төсөв мөнгийг нь хуваарилсан.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:
Дээрх хоёр сургуулийг барих төсөв 2013 онд тавигдсан байсан. Гэхдээ 2012 онд батлагдсан шүү дээ. Батлагдахдаа буулгах төсвийг нь шийдэж өгөөгүйгээс 2013 онд ажлыг нь эхлүүлж чадсангүй.
Энэ хүсэлтийг нийслэлийн өмчийн харилцааны газар, нийслэлийн засаг даргад хүсэлт гаргасны үндсэн дээр нийслэлээс буулгах зардлыг шийдэж өгсөн. Ингээд 2013 ондоо дээрх барилгуудыг буулган, зургийг нь шинээр боловсруулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Өөрөөр хэлбэл 11 болон гуравдугаар сургуулийн барилгын ажил энэ ондоо эхэлнэ.
Баригдаад 50-60 жил болсон сургуулийн хоёрыг нураах, шинээр барих төсөв хөрөнгийг нь шийдээд байтал өнгөрсөн оны сүүлчээр 14-р сургуулийн хоёр давхрын шал цөмөрч хүүхдүүдийн эрүүл мэндэд аюул учруулахаас наагуур өнгөрсөн. Тус сургуулийн сурагчдыг яаралтай өөр сургуулиудад хуваарилж хичээл завсардуулахгүй байх бүх талын арга хэмжээг авсан. Гурав болон 11-р сургуулийн хичээлийн байр 2014-2015 онуудад ашиглалтад орох тооцоотой байгаа бол 14-р сургуулийн барилга хэрхэх нь тодорхойгүй байна.