Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2014.02.14

Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй болох асуудлыг нийслэлээс дэмжинэ

Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулахад нь туслах зорилгоор техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, зөвлөгөө өгөх, нөгөө талаас цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслана гэж санамж бичигт дурджээ.

Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй аж ахуй нэгж нийслэлд хэд, хэд бий. 2013 оны байдлаар төрийн бус өмчийн 85 цэцэрлэг шинээр байгуулагдан 4172 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

 2013 оны байдлаар төрийн бус өмчийн 85 цэцэрлэг шинээр байгуулагдан 4172 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Манай улсад дэргэдээ цэцэрлэгтэй байгууллагын тод жишээ бол “Монголын төмөр зам” ТӨХК юм. Төмөр замын цэцэрлэгүүдийн тогтмол зардлыг байгууллагаас хариуцаж, хувьсах зардлыг нь улсаас өгдөг. Хэрэв байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлбэл улсаас мөн хувьсах зардал өгөх хуультай. Ер нь байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болоё гэвэл хувийн цэцэрлэг байгуулах журмыг дагаж мөрдөх юм.

Дэлхийн хөгжсөн улс орнуудын том компаниуд дэргэдээ ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлдэг цэцэрлэгтэй байдаг. Байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй бол эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө гэж цаг алдахгүй, байнга хүүхэдтэйгээ байж, харж хянаж болдог гээд олон давуу талтай юм.

Санамж бичиг байгуулсантай уялдуулж ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллах уриалга гаргалаа. Энэхүү уриалгад “Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид бид бүхий л шатандаа боловсролын хуулийг хэрэгжүүлэх, бидний хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг байнга хичээсээр ирсэн билээ.

Бидний хичээл зүтгэлийг дэмжин, хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө аж ахуйн нэгж байгууллагууд бодитой хандан байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулан өөрсдийн ажилтан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, орлогоо нэмэгдүүлэн ажиллаж, хойч үеийнхээ сурч, боловсрох эрхийг дэмжин нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн байна.