Анхны жишиг сургууль нээлтээ хийлээ
Багануур дүүргийн 125 дугаар дунд сургууль 640 хүүхдийн хичээлийн шинэ байраа өнгөрсөн амралтын өдрөөр хүлээж авлаа.
Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан тус сургууль нь 3.4 тэрбум төгрөгөөр босжээ. Хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг багасгах орчин үеийн технологиор барьсан гээд тус сургуульд онцлог зүйлс олон юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлэхийн тулд анги танхим, ариун цэврийн өрөөний хаалгыг босгогүй хийжээ.
Үүгээр ч зогсохгүй сургуулийн гол хаалга, спорт заалны гарцыг налуу байдлаар хийсэн байв. Өнөөдрийн байдлаар тус сургуульд бага ангийн 343, дунд ангийн 175, ахлах ангийн 122буюу нийт21 бүлгийн 640 хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байна. Тус сургуулийн хүүхдүүд өмнө нь “Гүн галуутай" цогцолбор сургуулийн байранд гурван ээлжээр хичээллэдэг байжээ. Тэд өөрийн гэсэн хичээлийн байртай болсноор хоёр ээлжээр хичээллэх таатай орчин бүрдлээ хэмээн эцэг, эхчүүд ам сайтай байсан юм. Хамгийн гол нь нар тусах буюу байгалийн гэрэлтүүлэг ашиглалтыг сайн шийдэж өгсөн нь тус сургуулийн бас нэг онцлог байв.
Мөн олон улсын стандартад нийцсэн жишиг сургууль болж байгаа ажээ. Сургуулийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Корали Геверс, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Л.Гантөмөр сайд нээлтийн үеэр “Бид байшин барихын төлөө бус хүүхдийг ямар орчинд сургах вэ гэдгээ шийдэх нь хамгийн чухал юм. Цаашид энэ талд анхаарч ажиллах болно. 125 дугаар сургуулийн хувьд хүүхэд сурч, хүмүүжих таатай орчин бүрдсэн жишиг сургууль болж байна. Шинэ сургуульдаа сайн сурч, хүүхэд бүр чармайлт гаргаарай” гэв.
(МҮОНТВ-ын "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөс)
Боловсролын сайдын багцад энэ онд 189 тэрбум төгрөг батлагдсанаас 176 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал зэргийг барихаар төлөвлөж байгаа аж. Үүнээс 57 сургууль, 46 цэцэрлэг, их сургууль болон шинжлэх ухааны барилга, өргөтгөл хийгдэх юм байна. Мөн Дэлхийн банкны төслөөр 17 Канад модон цэцэрлэг ашиглалтад орох гэнэ.Түүнчлэн нийслэл өөрийн хөрөнгөөр 16 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөж хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн гэдгийг албаны хүн хэлэв. “Сургуулийн гүйцэтгэгчээр “Бридж Констракшн” компани ажилласан.
Тус компани өмнө нь Жайкагийн төслийн хүрээнд сургууль барьж байсан нэлээд туршлагатай хамт олон” хэмээн БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр хэллээ. Мөн тэрээр “Өнгөрсөн онд 102 . сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орохоос 90 хувийг нь хүлээлгэн өгсөн. Энэ онд 176 барилга шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ер нь жил ирэх бүр боловсролын салбар тэр дундаа сургууль цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа” гэлээ. Мөн Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх таатай орчин бүрдлээ хэмээн багш, ажилчид нь ам сайтай байлаа