Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.02.17

Төсөл хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандсан компаниудыг олон нийтэд зарлана

Нийслэлийн Удирдах ажилтнуудын 02 сарын 10-ны өдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр  дүүргийн Засаг дарга нарын сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлаар тавьсан асуудлыг нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу 02 сарын 13-ны өдрийн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанд дээрх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн боловсролын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албаныхан оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл дүүргийн Засаг дарга нараас тавьсан сургууль, цэцэрлэгийн барилгын асуудал ямар шатанд явж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Тодруулбал Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр тус  дүүргийн 1-р хороонд байрладаг, 150 хүүхдийн хүчин чадалтай 44-р цэцэрлэгийн барилгыг Улсын комисс хүлээж авахгүй байгаа талаар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр уламжилсан. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 190 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2008 онд БСШУЯ-ны захиалгаар 349 сая төгрөгөөр “Хөвсгөл зам трейд ХХК” барьжээ.

Гэвч 2009 онд 1-р давхрын 2 ангид суулт өгч 2013 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 79,2 сая төгрөгөөр дахин засвар хийсэн байна. 2010 оны 10 сарын 06, 2012 оны 09 сарын 03 нд НМХГ-аас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох акт гаргажээ. Тиймээс чанаргүй цэцэрлэгийн барилгаас шалтгаалан ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд чухам хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа тул яаралтай энэ асуудлыг шийдвэрлэж дүүрэг албан ёсоор ашиглалтад хүлээж авах хэрэгтэй гэсэн юм.

Харин дээрх цэцэрлэгийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл “2007 онд нийслэлд эрх шилжин ирж тендер зарлагдан, “Хөвсгөл зам” ХХК шалгарсан. 2008 онд ашиглалтад хүлээж авах техникийн комисс ажиллаж гүйцэтгэгч компанид дутуу ажлыг хийж дуусгах үүрэг даалгавар өгчээ. Тухайн үед Нийслэлийн барилга хот байгуулалтын газар захиалагчаар ажилласан. Улсын комиссын акт баталгаажих явцад цэцэрлэг 2008 оны 09 сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлэн боловч ашиглах явцад хамарн хана сууж гэмтэл гарсан тул улсын комиссын акт баталгаажаагүй байна.

Захиалагч нь гүйцэтгэгч компанитай холбогдож гарсан эвдрэлийг засуулсан боловч гүйцэтгэгч компани улсын комиссыг дахин ажиллуулж, хүлээлгэж өгөлгүйгээр ажлаа орхиж явсан байна. Өнөөдрийн байдлаар барилгын зураг, баримт бичиг олдохгүй байгаа бөгөөд “Хөвсгөл зам” ХХК-ийн гэх хүмүүстэй холбоо барьж чадахгүй байна” гэсэн мэдээлэл өглөө.

Мөн Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана  “Хөвсгөл зам” ХХК нь төслийг дуусгаж, ашиглалтад оруулаагүй хэрнээ төсөл хэрэгжүүлэхэд байршуулдаг барьцаа 5 хувийг авчихсан байсан гэдгийг хэлсэн юм.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Төслөө хэрэгжүүлж дуусаагүй байж барьцаа мөнгөө авчихсан байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Төсөл гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандаж, иргэдийг хохироож байгаа аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлаж, хариуцлага тооцно. Цаашид ийм хүмүүстэй нийслэл хамтарч ажиллахгүй” гэдгийг онцлон хэлээд тэдгээр компаниудын нэрийг нэгтгэж гаргахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.