Халамжийн төвийн 14 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олголоо
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.01.07

Халамжийн төвийн 14 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олголоо

"Ивээл Энэрэл" халамжийн төвд харьяалагддаг бүтэн ба хагас өнчин 14 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр олголоо.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр нэр бүхий оюутнуудад Төрийн сангийн буцалтгүй тусламжаар нэг жил суралцах эрхийг гардуулан өгсөн юм.

"Ивээл Энэрэл" халамжийн төвийг Б.Уранчимэг гэх эмэгтэй анх 2004 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл эцэг эхийн хайр халамжаар дутаж буй бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд туслах гүүр болж буй аж. Тэрээр 9 дүүтэйгээ өнчин хоцорч, өнчин байхын зовлон зүдгүүрийг ойлгож мэддэг учраас эдгээр хүүхдүүдэд сурч боловсрох нөхцөл боломжоор хангахыг хүссэн гэдгээ онцолсон юм.

Мөн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийн хувьд насанд хүрсний дараа улсын асрамжнаас гарч насанд хүрсэн гэсэн нэрийн дор ямар нэгэн халамж авч чаддаггүй. Тэдний сурах хүсэлд хамгийн том саад болдог зүйл нь сургалтын төлбөр байдаг учраас эдгээр хүүхдүүдийн ирээдүйд тус нэмэр болох үүднээс энэхүү саналыг БШУ-ны яамны сайдад тавьснаар ийнхүү тэтгэлэг олгож буй аж.

Энэ үеэр яамны сайд өөрийн цалингаас "Ивээл Энэрэл" халамжийн төвд хандивласан юм.

Б.Уранчимэгийн хувьд амаржаад удаагүй байгаа ч өөрийн төвд харьяалагддаг хүүхдүүдийн ирээдүйд санаа тавих түүний үйлс ийнхүү бүтсэнд баяртай байгаагаа дуулгасан юм.

Тэрээр Ховд аймгийн харьяат бөгөөд анх аргал түүж зарсан мөнгөөрөө одоогийн төвийнхөө суурийг тавьж байжээ. Түүний энэ сайхан үйлсэд тусалж дэмжиж байдаг хувь хүн байгууллага хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа тэрээр хэлж байлаа.  Энэ үеэр яамны сайд өөрийн цалингаас "Ивээл Энэрэл" халамжийн төвд хандивласан юм.

Тэрээр, “Есөн өнчин дүүгээ хүн болгож өсгөхийн зэрэгцээ аргал түүж олсон мөнгөөрөө мөн өөрийн хөдөлмөрийн үр шимээр хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтүүлэхээр ажиллаж байгаа Б.Уранчимэг багшид баяр хүргэх нь зүйтэй. Зуу гаруй хүүхдэд өөрийн хайрыг түгээж байгаа түүнийг Монголын хамгийн сайн багш гэж ам бардам хэлэхээр байна. Төр засгийг харалгүй өөрийн боломжоор хүүхдүүдэд ирээдүй бэлэглэж байгаа багшдаа баяр хүргэе. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье” гэсэн юм.