Ирэх намар цэцэрлэгийн хүүхдийн бүтээмж нэмэгдэнэ.
2014.03.26

Ирэх намар цэцэрлэгийн хүүхдийн бүтээмж нэмэгдэнэ

Хичээлийн жилийн бэлтгэх ажил хаяанд ирсэн байна. 2014-2015 онд хичнээн сургууль, цэцэрлэг баригдах талаар тодруулсан юм.

Нийслэлийн худалдах, худалдан авах ажиллагааны газар өнөөдрийн байдлаар 2014 онд ашиглалтад орох 3-4 цэцэрлэг, сургуулийн ажлыг зохион байгуулж, зарласан юм. Мөн зарим дүүрэгт баригдах цэцэрлэг, сургуулийн барилгын ажлын тендерийг зарлахад бэлэн болсон тухай хэлсэн юм.

Гэтэл энэ ажлыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл гарч байгаа. Төсөв мөнгө нь шийдэгдсэн хэдий ч газрын асуудал шийдэгдэхгүй байгаагаас сургууль, цэцэрлэг барих ажлын тендерийг зарлах ажил хойшлогдож буй 10 гаруй байршил бий гэсэн юм. 13, 14 ажил дээр газрын асуудал байгаа. Газрын асуудал бол иргэдтэй үнээ тохирч газар чөлөөлөх. Иргэд хэтэрхий үнэтэй газраа үнэлдэг.

Нэгэнт одоо тендер нь зарлагдаж, эсвэл зарлагдаж амжаагүй байгаа учраас энэ намар төлөвлөсөн тооны сургууль, цэцэрлэг ашиглалтад орж амжихгүй байх эрсдэлтэй. Энэ тохиолдолд 1-р ангийн сурагчдыг хамран сургах тойргийн хүүхдийг авна. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд:

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц. Отгонбагана: “Бид аж ахуйн нэгжүүдийн дэргэдэх цэцэрлэгүүдийг байгуулж, өргөжүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж байгаа. Саяхан бид Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарсан санамж бичиг байгуулж, танхимын гишүүн байгууллагын дэргэд цэцэрлэг, хүүхэд харах төвүүдийг байгуулах ажлыг хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн ИТХ-д одоо байгаа төрийн өмчийн цэцэрлэгүүдээ ашиглах өнгөрсөн жил хийгдсэн сэрүүн өрөөнүүдийг цэцэрлэгийн анги,  танхим болгох замаар нэмэгдүүлэх боломжийг судалж удахгүй тодорхой асуудлаа тавина. Үүний үр дүнд ирэх намар цэцэрлэгийн хүүхдийн бүтээмж нэмэгдэнэ.”

Бүгд биш ч зарим сургууль, цэцэрлэг хугацаандаа ашиглалтад орно гэж албаныхан үзэж байлаа. Гэхдээ албан байгууллагын дэргэд байх цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдийг дэмжиж ажиллахаа Нийслэлийн боловсролын газраас мэдэгдлээ. Ирэх намар цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ өнгөрсөн жилүүд шиг хомс байхгүй гэж үзэж байна.