Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.03.21

Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн холбоодтой хамтарч ажиллана

Төрийн үйлчилгээ үзүүлэх үүргийг ТББ-уудад шилжүүлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй цэцэрлэг, сургууль байдаг.

Үүнээс багагүй хэсгийг нь хувийн цэцэрлэг, сургууль эзэлдэг.  Энэ олон сургууль, цэцэрлэгүүд нь ямар сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаад   хяналт тавихад Нийслэлийн Боловсролын газраас сургууль цэцэрлэгийн холбоодтой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: “Цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтүүд их ирдэг. Энэ болгон дээр ажиллахад хүндрэлтэй байдаг учир цаашдаа шинээр байгуулагдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдээр ТББ-ууд зөвлөн, туслах ажлыг эхэлж  хийдэг. Өөрөөр хэлбэл ямар материалыг бүрдүүлэх ёстой, зөвлөн туслах шаардлага, хичээлийн байр, боловсон хүчний бүрдүүлэлт нь ямар  байх ёстой вэ? гэдгийг олон жилийн сургалтын үйл ажиллагаа явуулчихсан туршлагатай хүмүүс нь шинээр байгуулагдах гэж байгаа хүмүүстээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг.  Холбоод сургууль, цэцэрлэг байгуулахад шаардлага хангасан материалуудыг Боловсролын газарт ирүүлдэг. Ирүүлсэн санал дээр нь шинжээчийн багаа бүрдүүлж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шалгаж, шийддэг болъё” гэж байгаа.”

Санамж бичгийн хүрээнд талууд боловсролын салбарын эрхзүйн шинэчлэлийг боловсронгуй болгох, хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийн менежментийг  сайжруулах талаар ажиллана. Мөн шинээр цэцэрлэг, сургууль байгуулахад авдаг зөвшөөрөл, шийдвэрийг холбоод гаргадаг болсноор хүнд суртал, олон шат дамжлагыг багасгана гэж үзжээ.

Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Галбадрах:  “Жишээлбэл: Хувийн сургуулиуд тусгай зөвшөөрөл авдаг. Энийг гаргаж авахын тулд хуулийн дагуу олон баримт бүрдүүлэх ёстой. Энэ бүрдүүлэлтэд өөрсдөө сургууль байгуулаад, мэргэжлийн талаасаа ажилладаг өөрсдийн туршлага дээрээ үндэслээд зөвлөн туслах үйлчилгээг нэгдүгээрт хийнэ.”

Манай улс том төрөөс ухаалаг төр лүү шилжих зорилт тавиад байгаа. Төр бүх ажлыг өөртөө хариуцдаг биш, хувийн хэвшлийнхэнд төрийн зарим үүргийг шилжүүлье гэдэг саналыг гаргаж байгаа. Энэ утгаар өнөөдрийн санамж бичгийг байгуулж байна гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга онцолж байлаа.