З.Алтанцэцэг: Дараагийн хичээлийн жилд 756 сургуульд шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
БШУЯ-ны лаборатори сургуулийн хэрэгжилтийн багийн сургууль хариуцсан менежер З.Алтанцэцэг
2014.03.26

З.Алтанцэцэг: Дараагийн хичээлийн жилд 756 сургуульд шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

БШУЯ-ны лаборатори сургуулийн хэрэгжилтийн багийн сургууль хариуцсан менежер З.Алтанцэцэгтэй ярилцлаа.

- Лаборатори сургууль дээр туршиж буй шинэчлэлийн ажлын талаар ярихгүй юу?

Лабораторийн 40 сургууль дээр бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг туршиж байна. Багшийн зөвлөмж хэмээх гарын авлага, материалыг анх удаа бага боловсрол дээр хэрэгжүүлж байна. Түүнчлэн бага ангид, өөрөөр хэлбэл 6-11 насны сургалтыг хэрхэн үнэлэх нь зүйтэй вэ гэдгийг эрэлхийлж байна. Бүтэн хоёр улирал хэрэгжүүлээд одоогийн байдлаар ямар зүйл дээр алдаа гарч байна гэдгээ ярилцах боломжтой боллоо.

Энэ удаагийн шинэчлэлийг бүх талын оролцоотойгоор хийж буй нь онцлог.

Өөрөөр хэлбэл багш болон сургалтын менежерүүд ажлынхаа явц дээр ажиглалт хийж арга зүйн ямар шийдэл хэрэгтэй, ямар материал сонгох зэргийг судалсны үр дүнд юу нь багш, сурагчдад ойлгомжтой, ямар арга эцэг эхэд хэрэгтэй вэ гэдгийг олж мэдсэн нь их чухал. Тэгэхээр багш нар шинэчлэлийн ажилд жинхэнэ утгаараа оролцож байна гэж ойлгож болно. Багшийн хийсэн  судалгааны дүнг хэрэгжилтийн баг хүлээж аваад хөтөлбөрийн баг, сурах бичгийн баг, менежментийн багтаа уламжилдаг. Ингэхдээ багшийн санааг өчүүхэн ч гажуудуулалгүй дамжуулдаг. Энэ маягаар улирал тутам гардаг сурах бичиг, багшийн зөвлөмжүүд улам чанарждаг.

- Цаашдаа лаборатори сургуулийн тоог нэмэх үү?

Цаашдаа бид дараагийн хичээлийн жилд 756 сургуульд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ сурах бичгийн агуулга, багшийн зөвлөмж, суралцахуйн зорилтыг багш, сурагчдад яаж ачаалал багатай, ойлгомжтой хүргэх вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Манай хэрэгжилтийн баг сургуулийн түвшинд багш, сургалтын менежер, захирал, удирдах түвшинд менежментийн баг, сурах бичгийн баг, эрдэмтэд, цаашлаад боловсролын яамтай шууд харилцаж ажиллаж байгаа нь хамгийн үр өгөөжтэй.

- Багш нарын зүгээс ямар гомдол, саналууд ирж байна вэ?

Чухам юу хийхээ 40 лаборатори сургуулийн багш нар өнгөрсөн зун хоёр удаагийн сургалтаар мэдэж авсан. Ажлынхаа талаар жигд ойлголт авсан учраас үйл ажиллагааны тал дээр доголдол харагдахгүй байна. Харин хөтөлбөрийн агуулга хүнд хэлээр бичигдсэн  сул тал бий. Учир нь хэтэрхий шинжлэх ухааны нэр томъёогоор бичсэн хөтөлбөрийг багш судалж, түүнийгээ зургаан настай хүүхдэд ойлгуулахад бэрхшээлтэй байна.

2012-2013 онд улсын хэмжээнд нийт 755 төрийн өмчийн болон хувийн сургууль ажиллаж байв.

Өмнө нь сурах бичгүүдийг хүнд хэлээр бичиж байснаас ч болсон байж магадгүй. Хүүхэд болгоныг хөгжүүлж, зөв хүүхдийг төлөвшүүлэх үзэл санаанд маань хөтөлбөрийн агуулга дахь үг хэллэг тохирохгүй байна. Тэгэхээр бид одоо эрдэмтэд, судалгаа шинжилгээний багтайгаа хамтраад багш, сурагч, эцэг эх ч тэр, захирал, сургалтын менежер нь тэр бүгд хараад ойлгохоор материалуудыг бэлтгэхийн төлөө ажиллаж байна.

- Лаборатори сургуульд шинэчлэлийн хөтөлбөр туршдаг практик бусад оронд байдаг уу?

Манай сургуулийн хувьд анх удаа хийгдэж байгаа. Тиймээс бүх талын оролцоог хангаж, санал бодлыг нь цуглуулдаг. Хэрэгжилтийг хангах найман дэд баг ажиллаж байна. Харин боловсролын салбараа нийгмийн тэргүүлэх салбараа болгосон өндөр хөгжилтэй орнуудад ийм практик байдаг.