Ирэх даваа гаригаас нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэнэ
Ирэх даваа гаригаас нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэнэ
2014.04.25

Ирэх даваа гаригаас нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэнэ

Энэ жилийн хувьд I ангийн бүртгэл ирэх даваа гаригт эхэлж, ирэх сарын 16-нд дуусна. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах гэнэ. Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн хичээлийн жилээс I ангийн элсэлт зохион байгуулах зөвлөмж гаргаснаар, сургуулиуд бүртгэлээ нэгэн зэрэг эхэлдэг болсон.

Энэ нь хүүхдийг олон сургуульд зэрэг бүртгүүлэхгүй байх, анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэг давуу талтай аж.  Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагч, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд элсэлтийн үйл ажиллагаа болон сургуулийн нөхцөл байдал, сургалтын онцлог, анги танхимын хүрэлцээ, элсэлтийн тоо зэргийг ил тод мэдээлэх үүрэгтэй ажиллах аж.

Хамран сургах тойргийн, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэх юм байна. Бүртгүүлэхээр  ирэхдээ 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбараа авчирах юм байна. Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх бөгөөд бүртгүүлэх үедээ хүүхдээ заавал дагуулж очих ёстой юм байна.