Ц.Отгонбагана: Хувийн цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгохдоо зөвлөгөө өгч байна
Энэ жил хувийн хэвшлийнхний байгуулсан 28 цэцэрлэг, дөрвөн сургуульд тусгай зөвшөөрөл олгож ирэх есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрчээ. Тусгай зөвшөөрөлтэй болсон 28 цэцэрлэгт 1463 хүүхэд, 4 сургуульд 1430 сурагчийг хамруулах боломжтой болж байгаа юм.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн ачаалал хуваалцаж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг тодорхой хувиар хамруулж чаддаг. Өнгөрсөн жил 85 цэцэрлэгийг шинээр байгуулж 4172 хүүхдийг хамруулсан. Харин дөрвөн сургуульд 970 сурагч суралцсан байна. Энэ жил цэцэрлэгийн хувьд харьцангуй бага зөвшөөрөл олгосон нь хатуу шалгуур тавьсантай холбоотой гэлээ. Тодруулбал, хүүхдийг эрүүл аюулгүй байлгах, сургалтын чанарыг дээшлүүлэх зэрэг шаардлагыг тавьжээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:
“Тусгай зөвшөөрөл олгохдоо эхний ээлжинд зөвлөх үйлчилгээг өгч, шаардлагатай мэдээллийг урьдчилан сайн өгч байгаа. Шинжээчийн багийг өнгөрсөн жил гурван удаа ажиллуулсан. Уг нь хуулиараа нэг л удаа ажиллуулах ёстой. Ийм байдлаар бид тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдтэй илүү уян хатан, түргэн шуурхай ажиллаж байна.
Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа цэцэрлэгүүдэд зөвхөн нэгдүгээр давхарт байхыг зөвшөөрч байгаа. Гэхдээ тусдаа байртай бол давуу тал болж байгаа юм. Жишээ нь, “Дэгдээхэй нас" цэцэрлэг компанийхаа ашигладаггүй хоёр давхар байрыг цэцэрлэг болгон засчээ.
Зарим байгууллага ажилчдынхаа ажлын бүтээмж, ар гэрийн асуудалд анхаарч дэргэдээ цэцэрлэг байгуулж байна. Тухайлбал “Хасгэрэл” цэцэрлэгийг дурьдаж болно. Энэ цэцэрлэг ашгийн төлөө бус, ажилчдынхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэх зорилготой ажилладаг.
Тусгай зөвшөөрлөө авсан цэцэрлэг, сургуулиудын 20 нь компани, ТББ-ынх, 12 нь иргэдийн байгуулсан аж ахуй нэгжүүд юм.