Ц.Отгонбагана: Цэцэрлэгийн хүчин чадлыг 1.6-1.8 дахин нэмэгдүүлж ажилладаг
“UBS” телевизийн “News Compas” хэлэлцүүлгийн зочдоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, СХД-ийн 67-р сургуулийн захирал Ч.Алтансүх, СБД-ийн 58-р сургуулийн захирал Д.Болд нар уригдан оролцлоо.
- Өнөөдөр төрийн хэвшлийн хичнээн сургууль, цэцэрлэг байна, хичнээн хүүхэд суралцаж байна вэ?
Төрийн өмчийн 115 сургуульд 192 мянган хүүхэд ЕБС-д суралцаж байгаа. Цэцэрлэгийн насны 100 мянган хүүхэд байдгаас 75 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаад явж байна.
- Цэцэрлэгт хамрагдах ёстой бүх хүүхдүүд хамрагдаж чадахгүй байгаа. Намар хүүхдээ цэцэрлэгт хонон өнжин бүртгүүлж чадсангүй гэдэг. Цэцэрлэгт орох хүүхдүүдийн хүртээмж ирэх намар гэхэд нэмэгдэж чадах боломж бий юу?
Бид зөвхөн улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барихаас гадна аж ахуй нэгжүүдийн дэргэд цэцэрлэг барих нь оновчтой, аль аль талдаа олон талын ач холбогдолтой шийдэл гэж харж байгаа.
Хамгийн хүндрэлтэй асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байдаг. ЕБС-д нэгдүгээр ангийн хүүхдийг заавал авдаг. Сургуулийнхаа анги дүүргэлт, ээлжийн тоогоо нэмэгдүүлээд авч болдог. Цэцэрлэгийн тухайд 25 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа. Хамрагдаж чадаж байгаа 75 хувьд төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг 1.6-1.8 дахин, нэг ангид байх хүүхдийн тоог 2 дахин нэмэгдүүлж өнөөдрийн түвшинд авч чаддаг. 2012-2013 оны хичээлийн жилд нийтдээ 69 хувь байсныг энэ жил 75 хувь болгож амжилттай байгаа.
Ирэх хичээлийн жилд 20 цэцэрлэг ашиглалтад орох боломжтой. Үүний 17 хувь нь дэлхийн банкны санхүүжилтээр канад технологиор баригдаж байгаа цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад орно. Бид зөвхөн улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барихаас гадна аж ахуй нэгжүүдийн дэргэд цэцэрлэг барих нь оновчтой, аль аль талдаа олон талын ач холбогдолтой шийдэл гэж харж байгаа. Энэ чиглэлээр бид ХХАҮТ-тай ажиллаж, бусад байгууллагуудтай зөвлөн туслах үйл ажиллагаа хийгдээд явна.