Япон улсад инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэнэ
2014.05.26

Япон улсад инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэнэ

Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн баасан гаригын үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулав.

Өнгөрсөн онд Япон Улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үеэр баталсан Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Уг төсөл нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжих, инженер техникийн чадварлаг мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэх зорилготой аж.

Төслийн хүрээнд манай улсаас хоёр жилийн хос хөтөлбөрт 320, магистрийн хөтөлбөрт 100, докторын сургалтад 60, зэргийн бус сургалтад 325 хүнийг сургах юм байна. Нийтдээ 74.1 сая ам.доллароор хэрэгжих энэхүү төслийн зээлийн жилийн хүү нь 0.2 хувь, эргэн төлөлтийн хугацаа нь 20 жил бөгөөд эхний 6 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр талууд харилцан тохирсон байна.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.

Ж.Энхбаяр гишүүн асуулаа

Хос дипломын хөтөлбөрт 300 гаруй хүн хамруулаад, 14 сая доллар зарцуулна гэж байна. Магистер, докторын зардал 62-63 доллар эгж байна. Энэ ямар хугацааны зардал вэ? Үндсэндээ 75 сая доллар буюу 127 тэрбум төгрөгийн гадаад өр нэмэгдэж байна. Үүнийг өрийн зохистой хэмжээнд нийцүүлж байгаа юм. Энд сурах залуучуудын буцаж ирэх баталгааг яаж өгч байна вэ? Мэдээж мэргэжилтэн бэлтгэх нь тун зөв.

Л.Гантөмөр хариуллаа

Суралцах бүтэн хугацааны төлбөр байгаа. Энэ төлбөрийн зардал, амьжиргааны зардал байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ төсөл хөтөлбөрт одоо ажиллаж байгаа инженерүүд хамрагдах бололцоотой юу?  Томоохон бүтээн байгуулалт хийхэд үндэсний инженерүүд шаардлагатай байдаг ч давтан бэлтгэл хийгдээгүй байдаг.

Л.Гантөмөр хариулав. Зээлийн гэрээгээр сураад Монголдоо ирж таван жил ажиллах юм бол тэтгэлэг болно. Энэ нь төр, хувийн хэвшил бүгд хамаарна.  Одоо ажиллаж байгаа инженерүүдийг энэ хөтөлбөрт хамруулж болно. Бид зээлийн гэрээгээ хөнгөлөлттэй хийх бололцоотой. Богино хугацаанд 1000 хүн явуулж сургана. Ойрын үед хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн төлөвлөлт хийнэ. Судалгаа гаргана. Дэлхийн шилдэг инженерийг 7-8 дахин хямд зардлаар сургаад авах бололцоотой. Доктор, магистрийн сургалтад суралцах хугацаанд байр, унааны зардал бүгд багтсан.