“Оюуны эрэл” оюутны холбоо Оюутнуудад зориулсан анхны олон улсын аялалыг зохион байгууллаа
"Оюуны эрэл" оюутны холбоо
2014.03.31

“Оюуны эрэл” оюутны холбоо Оюутнуудад зориулсан анхны олон улсын аялалыг зохион байгууллаа

“Оюуны эрэл” оюутны холбоо оюутнуудыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийдэг. Олонхи залуу хүмүүс гадагшаа яваад үзчих юмсан гэсэн хүсэлтэй ч аялал жуулчлалын компаниуд голдуу хөрөнгөтэй хүмүүст зориулж аялал зохиодог учраас хүсэл биелэх нь ховор. 

Тиймээс “Оюуны эрэл” оюутны холбоо тэдэнд зориулсан хамгийн бага зардалтай аялалын хөтөлбөрийг санаачилж цөөн тооны оюутнуудыг таван улсаар аялуулаад ирсэн байна. п

Аяллын явц

Аялал 2014 нэгдүгээр сарын еснөөс 27-ны хооронд үргэлжилсэн бөгөөд Хятад, Малайз, Сингапур, Тайланд, Лаос  гэсэн маршрутаар нийт есөн хотоор аялжээ. Оюутнууд тухайн орны соёлтой танилцаад зогссонгүй зарим их дээд сургуулиудад очиж оюутнууд яаж суралцдагийг харж туршлага судалсан нь уг аяллын нэг өгөөжтэй тал болсон гэж оролцсон оюутнууд ярьж байлаа.

Түүнчлэн англи хэлний мэдлэгээ ахиулахын зэрэгцээ Малайз, Сингапур улсын олон улсын түвшний боловсролтай багш нарын явуулдаг лекц, семинарт оролцжээ. Мөн оюутнууд сайн дурын ажил хийж Лаосын  бага ангийн сурагчдад хичээл заасан байна. Хөтөлбөртөө ийм арга хэмжээнүүдийг багтааснаараа уг аялал бусад аялалаас ялгаатай байв.  Аялалд оролцсон бүх оюутнууд сэтгэгдэл тун өндөр буцаж иржээ.

МУИС-ХС Бизнесийн эрх зүйн гуравдугаар курсын оюутан  О.Пүрэвдоржийн сэтгэгдлээс хүргэе.

Даяарчлагдаж байгаа нийгэм, хурдацтай хөгжиж буй техник технологийн дэвшил, хүмүүсийн сэтгэхүйн цар хүрээнээс хамаарч дэлхий бөөрөнхий биш харин ч хавтгай болсон мэт санагдлаа. Хил хязгаар, арьс өнгө, шашин шүтлэг хэдий өөр ч хүн төрөлхтөн гэх нэг л гэр бүлд хамаарагдаж бидний хийж байгаа зүйл, амьдралын хэв маяг нэг нь нөгөөдөө нөлөөлөн буй тийм нийгэм ирсэнг харж явлаа. Тиймээс эх орон, эх дэлхийн залуус бид дэлхийн цараатай сэтгэж улс орон, дэлхийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах тэр цаг хугацаа болсон мэт.

Монголын залуучууд бид хийх ажилтай азтай хүмүүс.

 Хөгжлийн тодорхой шатанд хүрж, эдийн засаг, нийгмийн амьдрал нь тогтворжсон улсын нэг болох Азийн цагаан бар гэж нэрлэгддэг Hong Kong-д залуучууд нь ахмад буурлуудын хийж бүтээсэн хөгжилтэй нийгэмд амьдарч байна /гэх мэт олон олон улс байна/. Тэдэнд хийе, бүтээе, шинэчлье гэх ойлголт бараг байхгүй их завтай хүмүүс. Харин бидэнд монголынхоо нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалт гээд ихэнх салбарт асар их хийх зүйлс байна. Тиймээс ухаалаг бас ухамсартай байж сурж байгаа мэргэжилдээ улам мэргэшиж улс орныхоо хөгжлийг бүтээлцье гэж уриалмаар байна.