УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр
2014.01.08

Л.Гантөмөр: Төрийн бус байгууллагуудад очих ёстой зардлыг замаас нь зувчуулдаг явдал гарсаар байна

БШУ-ы сайд Л.Гантөмөр “Ивээл-Энэрэл” ТББ-д харьяалагддаг 14 хүүхдэд “Сургалтын төрийн сан”-гаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олголоо. Энэ үеэр сайдтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-“Ивээл-Энэрэл” ТББ-ын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг “Сургалтын төрийн сан”-гаас гардууллаа. Уг нь, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд энэ дэмжлэг очдог. Тэгэхээр тэтгэлэг эзнээ олж чадаж байна уу?

-Өнөөдөр би эдгээр хүүхдэд сургалтын төлбөр өгч байгаа нь асуудлын гол биш. Харин “Ивээл-Энэрэл” ТББ-ын үүсгэн байгуулагч Уранчимэг багшийн ажлыг л дэмжиж буй хэрэг. Энэ хүн бүтэн өнчин есөн дүүтэй мөртлөө өөр шиг нь амьдралын хатуу хөтүүг үзэж буй хүүхдүүдэд чадлынхаа хэрээр тусалдаг. Энэ л бусдын төлөө гэсэн сэтгэлийг нь бид дэмжих ёстой. Төрийн сангийн тэтгэлэг эзнээ олж байна уу гэж асууж байна.

Шилэн данс бүрэн утгаараа нэвтрэхэд төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг ард иргэд тун удахгүй мэддэг болно. Одоогийн байдлаар төрийн бус байгууллагуудад очих ёстой зардал замаасаа алга болдог үзэгдэл гарсаар л байна. Гэхдээ сургалтын төрийн сангийн тэтгэлгийг  хоёр системээр олгодог. Эхнийх нь 70200 төгрөгийг оюутан бүр авч байна. Харин нөгөө нь тэтгэлэг олгохдоо сурлагын үзүүлэлтийг хардаг. Гэвч хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг хагас болон бүтэн өнчин хүүхдүүд дүнгээ ахиулж чаддаггүйгээс тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй.

-Монгол Улсын хэмжээнд чамлахааргүй олон асрамжийн газар бий. Түүнийгээ дагаад олон хүүхэд тэнд хүмүүжиж байна. Эцэг, эхийн хайр халамжаар дутаж буй хүүхдүүдээ хэрхэн анхаарч ажиллах вэ?

Асрамжийн газруудын амьдрах орчин нөхцлийг сайжруулах тал дээр ихээхэн анхаарна.

-Асрамжийн газруудын амьдрах орчин нөхцлийг сайжруулах тал дээр ихээхэн анхаарна. Төрийн гэлтгүй төрийн бус мөртлөө хүүхэд бүрт анхаарч ажилладаг байгууллагуудыг дайчилснаар байдал дээрдэх байх аа. Ганц төр засагт найдаж болохгүй.

-Насанд хүрсэн хүүхдүүд асрамжийн газраасаа хүчээр шахуу гардаг л даа. Тэгэхээр тэндээс гараад оюутан болсон хүүхдүүдийн амьдрах байрны тал дээр ямар тусламж үзүүлэх вэ?

-1000 оюутны байрыг энэ жил ашиглалтад орууллаа. Үүнийг нэмэгдүүлж, ялангуяа асрамжийн газраас гараад оюутан болж байгаа хүүхдүүдийн амьдрах орчныг баталгаажуулах, төлбөр мөнгөн дээр нь дэмжлэг үзүүлэх талаар ажиллана.  Цагаар ажиллах нөхцөлийг нь ч бүрдүүлж өгнө. Тэд цөөхүүлээ. Тийм ч учраас нийгэмд тэдний асуудлыг нялзаахгүйгээр ажиллах боломж байгаа.

-Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж аль ч шатанд их ярьж байна. Дээд боловсролын түвшинд хийгдэж буй нь их дээд сургуулиудын бүтцийн шинэчлэл мөн үү?

-Тэгэхээр дээд боловсролын байгууллагуудад хоёр зүйлийг л мөрдүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг нь эрдэм шинжилгээний ажил хийдэг тогтолцоог бий болгох. Нэг үгээр хэлбэл, их сургууль гэхээр л хичээл заадаг байх албагүй. Хоёрдугаарт, юу заах вэ гэдгээ тодорхой болгож байна. Оюутан 48 төрлийн хичээл үзээд 120 кредит авдаг байсан бол одоо суралцах хугацаандаа юу сурах ёстой вэ гэсэн багцласан кредит авдаг болно. Мөн сургуулийн орчинд тухайн оюутан яг хэн болох ёстой вэ гэсэн хөтөлбөрийн шинэчлэлийн ажил ч хийгдэж байна. Ингэснээр оюутан суралцах хугацаандаа мэргэжлийнхээ дагуу олж эзэмших мэдлэгээ төгс авах юм.   

-Та Японд очих үеэрээ техникийн дээд сургууль байгуулах талаар ярьсан байсан. Энэ сургууль хэзээнээс үйл ажиллагаагаа явуулах бол. Ажил хэрэг болсон уу?

-Японы талаас техникийн дээд сургууль байгуулбал багшлах боловсон хүчин, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын техник тоног төхөөрмжийн тал дээр тусална гэсэн. Манай талаас ШУТИС, Барилгын коллеж, Шинэ Монгол сургуулийг сонгон бэлтгэж байна. Ер нь энэ оноос элсэлтээ авна гэсэн зорилт тавьсан.

-Монгол Германы хамтарсан техникийн дээд сургууль Налайх дүүрэгт байгуулагдсан. Гэсэн ч өндөр төлбөртэй гэсэн шүүмж сонсоод байгаа. Японы сургалт Германаас юугаараа ялгаатай юм бэ?

-Ер нь, дэлхийд Япон, Герман хоёр техник технологийн салбарын өрсөлдөгчид.  Германы техникийн сургууль дээд боловсрол олгодог бол Японы онцлог нь харьцангуй багаас нь буюу ахлах сургуулиас нь техникийн сургуульд элсүүлдэг. Ингэснээр заах хичээлээ цөөлдөг. Математик, хэл шинжлэл, байгалийн ухааны хичээл ороод л ерөнхий эрдэм нь болчихно. Үлдсэн цагтаа технологийнхоо лабораторийн ажлуудаа хийдэг. Япон бол илүү прагматик инженер бэлддэг. Харин Герман технологи тал руу нь илүү хөгжүүлдэг.

Японы технологийн сур­гууль Германаас харьцангуй хямд төлбөртэй. Яагаад гэхээр Германаас дэмжигч багш гэж ирэхгүй. Өндөр үнэтэй эрдэмтэд ирнэ. Японых нь тэтгэвэртээ гарсан багш нараас бүрдсэн дэмжлэгийн бүтэн систем бий учраас харьцангуй хямд өртөгөөр шийдэж чадна гэж найдаж байна.