Хуулийн шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа
“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлалаа.
2014.03.04

Хуулийн шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах,  цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах, судалгаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлалаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар Монголын хуульчдын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү илтгэлийн уралдаанд хуульч, эрх зүйч мэргэжлээр их, дээд сургуулийн 3-5 дугаар дамжаанд суралцдаг оюутнууд мөн хуульчид оролцох юм. Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв нь “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад дүн шинжилгээ хийх, шаардлагатай хуулийн төслийн талаар санал дэвшүүлэх”.

Илтгэлийг энэ сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл  Монголын хуульчдын холбооны байрны 501 тоот өрөөнд  бичгээр болон event@myf.mn цахим хаягаар авах юм байна. Уралдаан хоёр үе шаттай. Эхний шатанд оролцогчид материалаа өөрийн биеэр файлын хамт өгөх бөгөөд шалгаруулалтын дүн ирэх сарын 1-нд гарах аж. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 6-ны 10.00 цагт Монголын хуульчдын холбооны байрны Хуульчдын танхимд болно.

Хуульчид болон оюутнуудаас тус бүр шилдэг гурван илтгэлийг шалгаруулан байр эзлүүлэх аж. Тодотговол, хуульчдаас илтгэл нь тэргүүн байр эзэлсэн бол 1,000,000, оюутнуудын шилдэг илтгэл 500,000 төгрөгийн шагналтай юм байна.