С.Бямбацогт:-Хөдөлмөрийн зах зээлийг төрд бус хувийн хэвшилд хариуцуулъя
2011 оныг Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад буй. Энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүд хэрхэн хариуцлагатай хандахаас их зүйл хамаарна хэмээн төсөл санаачлагчид нь үзэж байгаа аж. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой энэ сэдвээр ярилцлаа.
-Хуулийн шинэчилэн найруулгаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих агентлагтай байхаар НХХЯ санал оруулаад байгаа. Харин Та түүнтэй нь санал нийлэхгүй байгаа гэсэн?
- Нэг агентлаг байгуулах эсэх, нэг байгууллагын чиг үүргийг салгах үгүйдээ гол нь биш юм. Өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол ажилгүйдэл. Үүнийг шийдэхэд энэ хууль бодитоор нөлөөлж, үр дүнгээ өгөх ёстой гэдэг үүднээс сайн бодолцож, хариуцлагатай хандах шаардлагатай байна.
НХХЯ-наас өргөн барьсан төслөөр бол агентлагтай болно. Ингэснээр нөгөө цөөлнө гэж яриад байдаг төрийн албаны орон тоо 1000 гаруйгаар, тэр хэрээр зардал нэмэгдэнэ л гэсэн үг. Харин түүний оронд төрийн бус болон олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь зүйтэй. Хийсэн ажлынхаа хэмжээгээр өөрсдөө ашгаа хүртэх учир тэд илүү идэвхи санаачлагатай ажиллана.
Эдгээр байгууллага хөдөлмөрийн биржид тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох зэргээр уялдаатай ажиллаж таарна. Монголбанкны үйл ажиллагааг харъя. Хувийн хэвшлийн банкаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулснаар төрд ачаалал ирэхгүй байгаа. Үүн шиг зах зээлийнхээ жамаар хөгжих боломжийг нь бүрдүүлж өгөөд, төрийн ачаанаас хөнгөлөх ёстой. Төлбөр тооцоо хийх, хадгаламжийн болон зээлийн үйлчилгээ явуулах зэргээр мөнгө, санхүүгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцсэн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлж болж байна. Үүнтэй адилаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт буюу ажлын байр бий болгох, нийлүүлэлт буюу ажиллах хүчин бэлтгэх, хөтөлбөр боловсруулах, хүмүүсийг ажил хийх сонирхолтой болгох зэрэг үйл ажиллагааг хөдөлмөрийн бирж, зуучлах байгууллага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж болно.
-Тэгэхээр тусдаа агентлаг байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хуучин хэвээр, НХХЯ хариуцаад явна гэсэн үг үү?
- Хөдөлмөр эрхлэлт бол чухал бөгөөд том асуудал. Өнөөдрийн тогтолцоо маань үнэхээр халамж руугаа түлхүү ороод, хөдөлмөр эрхлэлтээ нэлээд орхигдуулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, мэргэжилтэн бэлтгэх бодлого хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлт хэрэгцээтэй уялдаагүй байгаа. Ойрын тав, арав, хорин жилд Монголд ямар ямар салбарт, ямар мэргэжилтэй хэдэн хүн хэрэгтэй вэ гэдгийг төлөвлөдөг, түүнтэйгээ сургалтын тогтолцоогоо уялдуулж мэргэжилтнээ бэлтгэдэг, хөдөлмөрийн зах зээлийн тооцоо судалгааг үнэн бодитоор гаргадаг байх шаардлага зайлшгүй тулгарч байна. Ажилгүй иргэдийнхээ тоог үнэн зөв гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Үүнийг судалдаг, чиглүүлж, уялдуулдаг байгууллага шаардлагатай. Гэхдээ энэ нь нүсэр аппараттай, орон нутагт заавал алба хэлтэстэй байх шаардлагагүй.
-Энэ хууль батлагдаад, ажилд зуучилдаг, оруулдаг хувийн хэвшлүүд хөгжлөө гэж бодоход нөгөө талдаа зуучлах ажлын байр манайд хэр олон байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ажлын байрыг нэмэгдүүлэх талаас нь энэ хуулиар яаж дэмжих вэ?
-Ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх асуудал нь өөрөө макро түвшний маш өргөн хүрээтэй асуудал. Ганц нэг хууль гаргаад шийдчих зүйл биш нь тодорхой. Жижиг бизнес эрхлэх гэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдээ татвар, зээлийн бодлогоор хэрхэн дэмжих зэрэг олон асуудал бий. Сүүлийн хоёр жилд гэхэд л жижиг дунд үйлдвэр байгуулахад зориулж 60 тэрбум төгрөг зарцуулсан нь ажлын байрыг бий болгоход л чиглэсэн. Хамгийн сүүлд гэхэд эх орны хувь, хишгийг ажлын байр бий болгох чиглэлд бөөнөөр нь олгохоор УИХ шийдвэрлэлээ.
Төр, засгийн бодлого бүхэлдээ иргэдээ яаж ажлын байртай, байнгын орлоготой болгох вэ гэдэгт чиглэж байна. Монгол Улсын ойрын ирээдүйд олон том бүтээн байгуулалт эх орны өнцөг булан бүрт өрнөхөөр байгаа. Үүнийг дагаад маш олон ажлын байр бий болно. Түүнд бид бэлэн байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай энэ хууль маань хөдөлмөрийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэх, хөшүүрэг болох учиртай юм. Иймээс бид маш хариуцлагатай хандаж, зөвхөн өнөөдрөө биш, маргаашаа харж боловсруулах ёстой. Өнөөдөр ажлын байр байхгүй байна гэдэг ч нөгөө талдаа ажлын байрандаа тэнцэхгүйгээс ажилд орж чадахгүй хүн олон байна. Гаднаас ажиллах хүчнээ авч байна. Хүн амынх нь 70 хувь нь залуучууд буюу хөдөлмөрийн насныхан гэж байгаа ч гагнуурчнаа хүртэл гаднаас авч байна шүү дээ. Тийм болохоор бид нийлүүлэлт талаасаа маш сайн ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Хувийн зуучлагч байгууллагууд хөдөлмөрийн төв бирждээ тулгуурлан үйл ажиллагаа явуулна гэхээр нэлээд чухал үүрэгтэй байгууллага нь төв бирж байж таарна. Энэ талаар?
-Өнөөдөр хөдөлмөрийн бирж, хувийн жижиг хөдөлмөр зуучийн байгууллагууд маань ямар ч уялдаа холбоогүй байгаа. Цаашид төв биржийнхээ үйл ажиллагааг дэмжээд, техник технологийн дэвшилтэт талыг нэвтрүүлээд дүүрэг, аймагт биржийг хөгжүүлэх ёстой. Тэдгээр нь хувийн хэвшлийн зуучлагч байгууллагуудтайгаа уялдаж, нэгдсэн мэдээллээр холбогддог, мэдээлэл солилцдог, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангадаг, бодлогыг дамжуулан хэрэгжүүлдэг байж болно. Ингээд ирвэл хувийн хэвшлийнхэн маань энэ ажлыг нэлээд сайн явуулчих байх. Мөн хувийн зуучууд зөвхөн ажилд зуучлах биш ажил хийхгүй байгаа хүмүүсийг ажил хийх сонирхолтой, ажил хийх чадваргүй хүмүүсийг чадвартай болгоход өөрсдийн санаачилгаар оролцох, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг бэлтгэх ажилд өндөр санаачилага, оролцоотой байхад төрийн бодлогоор дэмжээд өгөх ёстой. Олон хүнд үйлчилгээ үзүүлж, ажилд зуучилсан хэрээр нь төрөөс дэмжиж, урамшуулбал төрийн байгууллагаас илүү санаачилгатай, хүнд сурталгүй шуурхай, үр дүнтэй ажиллах байх.
-Ажилгүйдэл буурч байгаа гэсэн статистикаар заримдаа бөмбөгдөх юм байна...
-Манайд ажилгүйдэл л нийгмийн бухимдал үүсгэж байгаа шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд 60.000 ажлын байр бий болгоно гэж заасан. Тайланд нь 58.000 хүнийг ажлын байр бий болсон, мөрийн хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай хэрэгжиж байна гэсэн байна лээ. Гэтэл бодит амьдрал дээр ард түмний амьдрал сайжрахгүй, ядуурал, ажилгүйдэл улам ихэсч байгаа нь нууц биш шүү дээ. Зөвхөн тоо яримааргүй байгаа.
-Ингэхэд таны ярьж байгаа агентлаг байгуулах шаардлагагүй гэсэн саналыг Засгийн газар хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ хуулийг амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгөх хууль болоосой гэж асуудалд нухацтэй хандаж байгаа. Энэ ч үүднээс өөрийн байр суурийг илэрхийлж, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Хэрвээ энэ санал дэмжигдэхгүй, харин төрийн албаны зардлыг нэмсэн үр дүнгүй бүтэц бий болгох, амьдралд хэрэгжихгүй хууль батлахаар бол ажлын хэсгийн ахлагчаас татгалзах болно. Гэхдээ энэ чухал асуудлыг зүгээр нэг яриад орхихгүй. Ажил хэрэг болгохын төлөө, үр дүнгээ өгөх хууль батлахын төлөө ажиллах болно.