2011.01.09

С.Бямбацогт: Асуудлынхаа бодитойг мэдрэхгүйгээр амьдрах хууль баталж чадахгүй

2011 оныг Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад буй. Энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүд хэрхэн хариуцлагатай хандахаас их зүйл хамаарна хэмээн төсөл санаачлагчид нь үзэж байгаа аж. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын Ажлын хэсгийг  С.Бямбацогт ахалж байгаа аж. Энэ сэдвийг хөндөж  С.Бямбацогттой ярилцлаа.

-Жилийн ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих агентлагтай байхаар Засгийн газар санал оруулаад байгаа. Харин Та түүнтэй нь санал нийлэхгүй байгаа гэсэн?

-Засгийн газраас өргөн барьсан төслөөр бол агентлагтай болно. Төрийн албаны зардал хэд дахин  нэмэгдэнэ л үг. Харин түүний оронд төрийн бус, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжих хэрэгтэй юм.
Хөдөлмөрийн биржид тулгуурлан зуучлагч нарыг бий болгох нь зөв гэж үздэг. Ажил олгогч, ажилтан, эрэлт нийлүүлэлт байгаа учраас түүнийг зохицуулдаг хөдөлмөрийн биржийг дагасан брокерийн пүүс байх нь зүйтэй юм. Зуучлагчийг дэмжээд явбал тэрбээр аль блох олон хүн олохын  тулд илүү сайн ажиллана. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэх нь тодорхой. Монголбанк хувийн хэвшлийн банкаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулснаар төрд ачаалал ирэхгүй байгаа. Ингэснээр зах зээлийнхээ хуулиар асуудал аяндаа шийдэгдэнэ гэж ойлгож байгаа.
Харин ажил хийх чадваргүй хүнийг хэрхэн ажилтай, сонирхолгүй хүмүүсийг яаж сонирхолтой болгох талаар төрийн бодлогоо гаргаж  ажиллах нь чухал. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хөдөлмөрийн биржийн бодлогтой уялдуулах шаардлагатай. Эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй үед яах вэ гэсэн бодлогоо бас тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдөр Монголд ул уурхайн салбар хөгжиж байна. Түүнд дагаад ажиллагсдын эрэлт нэмэгдээд үед нийлүүлэлт бага байж таарахгүй. Энэ мэтийг Хөрөнгийн биржийн Хөдөлмөрийн харилцаа зохицуулах газрын бодлоготой уялдуулах шаардлага бий. Эдгээр зарчимд тулгуурлан хуулийн үзэл баримтлалыг боловсруулах шаардлагатай. Зуучлагчыг төр бодлогоор  дэмжиж, амжилттай ажилласныг нь урамшуулах хэлбэрээр зохицуулбал Агентлаг байгуулснаас бага зардал гарна.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Засгийн газрын бодлоготой Таныг санал нийлэхгүй байгаа юм байна гэж  ойлгож болох уу?

-Засгийн газрын өргөн барьсан төслөөр  бол ажил хийхгүй байгаа хүмүүс ажил хийх сонирхолтой, хайж байгаа нь ажилтай, ажил хийх чадваргүй хүмүүс нь чадвартай болчихно гэдэгт итгэлгүй байна. Одоогийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нэг бүтцийг Агентлаг болгосноор байдал өөрчлөгдөхгүй л болов уу. Төрийн албаны орон тоо 1000 гаруйгаар нэмэгдэх хэрээр төрийн зардал өснө. Харин үүний оронд хувийн хэвшлийнхнийг түлхүү оролцуулъя. Олон хүнд үйлчилгээ үзүүлж, ажилд зуучилсан хэрээр нь төрөөс дэмжиж, урамшуулбал төрийн албанаас илүү санаачилгатай, хүнд сурталгүй шуурхай, үр дүнтэй ажиллах болно. Нөгөө талаар төрийн ажил, ачаанаас хөнгөлнө.

-Тэгэхээр Засгийн газрын өргөн барьсантай зэрэгцэн өөр хуулийн төсөл боовсруулна гэсэн үг үү?

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, салбарын яам, эрэлт үүсгэдэг салбарын бодлогыг хэрхэн уялдуулах талаар Засгийн газрын өргөн барьсан төсөлд тодорхой тусгагсдсангүй. Тийм учраас бусад гишүүнтэй нэгдээд хуулийн шинэ төсөл боловсруулъя гэж бодож байна. Бидний санаачлах хуулийн үзэл санаа нь төрийн албаны орон тоог нэмж нүсэр бүтэц байгуулах биш хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хувийн хэвшил, ТББ-ын оролцоотой, тэдний идэвхи санаачилгыг дэмжих чиглэсэн байх юм.
Бас хөдөлмөр эрхлэл¬тийг дэмжих хууль зөвхөн ажил хийдэггүй, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд үйлчлэх үү, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулах уу  гэдгийг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй.
Өнөөдөр хөдөлмөрийн бирж, түүнийг тойрсон хөдөлмөр зуучлалын байгууллагууд байна. Энэ сүлжээг сум, дүүрэгтээ бий болгоё. Түүгээр дамжуулан мэдээлэл солилцох боломжоо бүрдүүлье. Тэгээд зуучлалын байгууллагуудыг холбож өгье. Ингэвэл хувийн хэвшлийнхэн маань энэ ажлыг нэлээд сайн явуулчих байх гэсэн санаа төрөөд байгаа. Харин хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг нэгтгэж, боловсруулдаг, бодлого тодорхойлох нэг тохируулагч агентлаг байж болно. Нэг агентлаг байгуулах төдийхнөөр асуудлыг шийдчихнэ гэж ойлгохгүй байгаа. Тийм учраас одоогийн өргөн барьсан төслийг үндсээр нь, үзэл санаагаар өөрчлөх хэрэгтэй.
Ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгжид ямар дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн бодлогоор дэмжих зэрэг эдийн засгийн хөшүүргэ, урамшууллын талаар ч бодох хэрэгтэй байгаа юм.  Асуудалд аль болох бодитой хандаж, тодорхой саналуудыг тусгаж өгч байж хууль амьдарна.

-Ажилгүйдэл буурч байгаа гэсэн статистикаар заримдаа бөмбөгдөх юм байна…

-Манай улсад ажилгүйдэл л нийгмийн бухимдал үүсгэж байгаа шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд 60.000 ажлын байр бий болгоно гэж заасан. Тайлангд нь 58.000 хүнийг ажлын байр бий болсон, мөрийн хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай хэрэгжиж байна гэсэн байна лээ. Гэтэл бодит амьдрал дээр ард түмний амьдрал сайжрахгүй, ядуурал, ажилгүйдэл улам ихэсч байгаа нь нууц биш шүү дээ. Зөвхөн тоо яримааргүй байгаа.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж чамгүй хөрөнгөтэй газар бий. Харин түүний үр дүн гэхээр зүйлийг олон түмэн олж мэдрээгүй байна. Энэ сангийн зарцуулалтын бодлого зөв хэрэгжиж чадаж байгаа юу?

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж ажил¬гүй иргэдийн дунд нэг удаагийн сургалт зохион байгуулдаг гэсэн. Түүндээ төсвөөс жилд таван тэрбум төгрөг зарцуулдаг байх. Энэ тогтолцоогоор олон жил явсан ч үр дүн нь маш бага. Сангийн орлогыг бүрдүүлдэг нэг гол эх үүсвэр нь гадаадын ажиллах хүчнээс авдаг төлбөр. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэр, бодлогыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэсэн үг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.