Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014.03.23

Ц.Элбэгдорж: Зөвхөн Науризын баяр биш Монголын ард түмний баяр

Науриз  буюу Нарны баярын өдөр. Өдөр, шөнө тэнцдэг энэ уламжлалт баярыг өнгөрсөн жилээс нийслэлчүүд Чингисийн талбайдаа тэмдэглэдэг уламжлалтай болсон. Нийслэлд суугаа олон зуун Казак үндэстнүүдийн хувьд уламжлаллт баяраараа бие биетэйгээ уулзаж, мэнд мэдэх боломжтой болсноо хэлж байлаа.

Энэ жилийн Науризын баяраар Казак түмэн үндэсний бүжиг, кара жорка биелгээгээ  Нийслэлчүүдэд толилуулсан юм. Балчир хүүхдээс эхлээд өнгийн цэцэгс мэт үндэсний хувцсаараа гоёсон залуучууд, бүсгүйчүүд кара жорка биелгээг биелж, Казак түмний бахархал  болсон бүргэдийн үзүүлбэр үзүүлж байлаа. Нарны баяр, Науризын баяр бол Монгол улсын эрдэнэ болсон баяр хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казак түмний үндэсний баярын  өдөрлөгийн үеэр хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Зөвхөн Науризын баяр биш Монголын ард түмний баяр юм. Энд хуран цугларсан ард иргэддээ Нарны баяр, Науризын баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж, энэ жил та бүхний ажил үйлс, заяа хиймор нь улам өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.”

Чингисийн талбайд Науризын баярын өдөрлөг зохион байгуулдаг болсноос хойш Нийслэлд суугаа олон зуун Казак үндэстнүүд Монгол түмэнтэйгээ хамт баяраа тэмдэглэх боломжтой болсныг хэлж байлаа.

Чингисийн талбайн үзэсгэлэнгийн танхимд Казак уран бүтээлчдийн үндэсний хэв маягийг харуулсан үзэсгэлэн гарч гар урлаачид, жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулж байв.