Хөгжлийн түлхүүр юу вэ?
Хөгжлийн түлхүүр юу вэ?
2014.03.25

Хөгжлийн түлхүүр юу вэ?

Энэ асуултад хариулт олохын тулд  төр, хувийн хэвшлийнхэн, эдийн засагч, судлаачид хамтран Төрийн ордонд хоёр өдрийн турш  хэлэлцэж байна.  Өнөөдрийн хамгийн чухал сэдэв нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай асуудал байлаа.

Үндэсний хөгжлийн цогц бодлогыг эс тооцвол Монголд хөгжлийн бодлого байдаггүй. Тиймээс монголчууд хөгжлийнхөө зорилтыг тодорхойлж, дараа нь төлөвлөлтөө хийхээр шийджээ. Үүний тулд хөгжлийнхөө зорилтыг эхлээд хуульчлахаар болсон байна. Тодруулбал, 2040 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нэг хүнд оногдох ДНБ-ийг /өнөөдрийн байдлаар 5000 ам.доллар байгаа/ хэд хүргэх вэ, амьжиргааны төвшин болон утааны асуудлыг яаж шийдвэрлэх зэргийг зорилт болгон түүндээ хүрэхийн тулд төлөвлөлтөө  хийх бололтой. 

Энэ талаар намуудын УИХ дахь бүлгийн дарга нар өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж, Монголын хөгжлийн төлөвлөлт бол  хоёр дахь  Үндсэн хууль байх ёстой. Үүний тулд намууд ч хамтран ажиллах хэрэгтэй байгааг тэд ярьсан. Гэхдээ л улстөрчдийн бие биенийгээ үгүйсгэсэн, няцаасан буруутгасан, манай танай гэсэн өнгө аясыг тэд цухалзуулаад авна лээ.

Хөгжлийн зорилтын нэг чухал хэсэг нь олон жилийн турш мөрөөдсөн төмөр зам. Өнөөдрийн хүртэл төмөр замынхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй, царигийн асуудал дээр маргалдаад сууж байгаа Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Дамба шүүмжлээд,  Монгол Улсын хөгжлийн гарц бол дэд бүтэц дээр тулгуурласан уул уурхайн салбарын хөгжил гэдгийг онцолсон.

“Төр зорилтоо тодорхойлоод, төлөвлөлтөө хийчих. Бусад асуудлыг нь бид шийдээд өгье, зөвхөн  итгэ” гэдгийг хувийн хэвшлийнхэн сануулж байсан юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, хөгжлийн зөв замд орохын тулд  уул уурхайн салбарт болж байгаа эрсдлүүдийг эхлээд цэгцлэх хэрэгтэй гэдгийг сануулсан Д.Дамба ерөнхийлөгчийг үг олон төлөөлөгчийн загатнасан газрыг маажсан байх. Учир нь Монгол Улс 2010 онд төрөөс баримтлах төмөр замын бодлогоо тодорхойлсон ч энэхүү бодлого нь учир дутагдалтай, гажуудал ихтэй болсноос өнөөдрийг хүртэл төмөр замыг тойрсон маргаан эцэслэгдээгүй байгаа талаар дуулгав.

Монголдоо бүтээж, үйлдвэрлэл явуулахын тулд Монгол Улс дэд бүтцийн хүчин чадал, эрчим хүчний эх үүсвэр хангалттай байх шаардлагатайг ч төлөөлөгчид сануулсан юм.

“Уул уурхайн эрх зүйн орчин ба баялаг бүтээгчид” салбар хуралдааны үеэр яригдсан гол асуудал нь нүүрсний салбарын уналт, хөрөнгө оруулалтын орчинг яаж сайжруулах вэ гэсэн сэдэв.  Экспортын гол нэрийн түүхий эд болох нүүрсний салбарыг дэмжихээр Засгийн газраас хэд хэдэн алхам хэрэгжүүлж байгааг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид дуулгаад, жишээлбэл, нүүрсний салбарт үйлчилсээр ирсэн жишиг үнийг халж, гэрээгээр үнээ тогтоодог болсныг сонордуулсан нь баялаг бүтээгчдэд гоё мэдээ болсон болов уу.

Төр зорилтоо тодорхойлоод, төлөвлөлтөө хийчих. Бусад асуудлыг нь бид шийдээд өгье, зөвхөн  итгэ.

Азийн санхүүгийн хямрал, дотоодын дэд бүтцийн асуудлаас болоод уналтад ороод байсан нүүрсний салбар энэ оны хоёрдугаар улирлаас сайжрах болов уу гэсэн хүлээлт энэхүү чуулганаас үлдээж байна. Нүүрсний салбарын уналтыг царцааж чадвал Монгол Улс мөнгөтэй болж чадна. Нөгөө талаар цагаан зээр шиг үргэж одсон хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрх зүйн орчинг таатай болгосон гэдгийг салбарын яамны Төрийн нарийн хэлсэн.

Эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлж, алтын салбарын татварыг бууруулснаар эдийн засагт эерэг үр дүн үзүүлж байгаа, цаашдаа боомтын асуудал, гаалийн хураамжийг цэгцэлж чадвал уул уурхайн салбарын уур амьсгал зөөлрөх болов уу гэсэн итгэлийг эрх баригчид тээж байна.