АНУ-ын ерөнхийлөгч бол чөтгөр шулам
Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавес.
2014.04.07

АНУ-ын ерөнхийлөгч бол чөтгөр шулам

2006-2013 онд НҮБ-ын Ерөнхий ассамблын индэр дээрээс зарим орны удирдагчдын хийсэн хамгийн дуулиант мэдэгдлүүдийг  хүргэе.

Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавес. 2006 он. “Энэ танхимд чөтгөр шулам байна. Өчигдөр ч тэр энд байсан. Яг одоо миний зогсч буй энэ индэр дээр. Одоо болтол би түүний ой гутам үнэрийг мэдэрч байна. АНУ-ын ерөнхийлөгч бол чөтгөр шулам. Тэр яг л дэлхийг эзэгнэгч шиг бидэнд яаж амьдрахыг заахыг хүсдэг. Түүнд сэтгэл зүйч хэрэгтэй. Тэр дэлхийг ноёрхохыг хүсэхдээ биеэ яаж авч явахыг бидэнд заахыг оролддог.”

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад. 2009 он. “Бусдыг дарамтлахын тулд хүний эрхээр халхавч хийдэг болон тэднийг дэмждэг бүх хүмүүс түрэмгийлэгч. Цөөн хэдэн бүлэг улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд ноёрхохтой хэзээ ч эвлэрэхгүй. Тэд аалзны тор шиг ойлгомжгүй системийн тусламжтай шинэ боолчлолыг бий болгож, бусад үндэстнийг гишгэлэхийг зорьж байна.

Ойрхи Дорнодоос олон мянган бээрийн зайд орших нэг улс бүс нутагт цэргээ оруулан дайн дэгдээж, цус урсгаж, эзлэн түрэмгийлж, алж хядаж байж таарахгүй. Ирак, Афганистаныг ямар болгосныг та нар хар. Тэд терроризм, хар тамхитай тэмцэх нэрийдлээр өөр улсын газар нутагт цөмөрдөг ч цэргээ гаргасных нь дараа хар тамхины хууль бус наймаа хэд дахин өсч, терроризм хүрээгээ улам тэлж мянга мянган энгийн хүмүүс алагдаж, шархдаж, дүрвэгч болдог.”

Ливийн тэргүүн Муамар Каддафи. 2009 он. Тэрээр НҮБ-ын Тунхаг бичгийг газарт шидэн дараах үгийг хэлжээ: “Энэ бичиг баримтын дагуу газар нутгийн хэмжээнээс үл хамааран бүх улс тэгш эрхтэй байх ёстой. Гэхдээ бид Аюулгүйн зөвлөлийн байнгын суудалд тэгш эрхтэй юу? Үгүй ээ. Тэгш бус. Аюулгүйн Зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлээд бидний аюулгүй байдлыг хангаж чадаагүй. Харин эсрэгээрээ айдсыг илгээж, элдвээр хориг тавьдаг. Үнэндээ хоригийг бидний эсрэг ашигладаг учраас бид НҮБ-ын шийдвэрийг дагах албагүй.”

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад. 2010 он. “Ихэр цамхагийг нураасан мэдээ агшин зуур бүх дэлхийд түглээ. Бараг л бүх Засгийн газар, нэртэй нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд уг явдлыг буруушааж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцүүлээд ухуулга суртлын аварга том машин хүчээ авч дэлхий ертөнц Терроризм хэмээх маш том аюулд орсон бөгөөд хүн төрөлхтнийг аврах ганц арга нь Афганистанд цэргийн ажиллагаа явуулах гэсэн ухуулгыг хийж эхэлсэн. Үр дүнд нь Афганистан, тун удалгүй Ирак эзлэгдсэн.

Та бүхэн дараах зүйлст анхаарлаа хандуулна уу:

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад

Есдүгээр сарын 11-нд 3000 хүн амь үрэгдэж дэлхий тэр чигээрээ гашуудсан тухай ярьж байсан. Гэтэл түүнээс хойш Афганистан болон Иракт мянга мянган хүн алагдаж, сая сая иргэн шархдаж, зарим нь дүрвэж гарлаа. Үр дүнд нь энх тайван бус дайн дажин үргэлжилсээр л байна.

Есдүгээр сарын 11-ны алан хядлагад хэн буруутай талаар гурван янзын хандлага бий.

  • АНУ-ын тагнуулын болон аюулгүйн бүх албадыг хуурч чадсан маш хүчтэй, зохион байгуулалттай алан хядах бүлэг.

Энэ хандлага нь Америкийн төрийн зүтгэлтнүүдийн албан ёсны байр суурь юм.

  • Америкийн эдийн засгийн уналтыг зогсоож, Ойрхи дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийн тулд АНУ-ын Засгийн газрын хэсэг нөхдүүд аллагыг санаатай зохион байгуулсан.

Олонхи америкчууд болон зарим улс орон уг үзэл бодолтой санал нийлж байна.

  • Дайралтыг тусгай алан хядах бүлэг зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Засгийн газар түүнийг дэмжсэн.

Гэхдээ уг хандлага тэгтлээ газар аваагүй”.

Ардчиллын цэцэгс НАТО-гийн пуужингаас дэлбээлж чадах болов уу

Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили. 2011 он. “ОХУ Гүржийн дэмжлэг дор байдаг Өмнөд Осети болон Абхазийг эзлэн түрэмгийлээд зогсоогүй олон улсын алан хядах байгууллагуудын явуулдаг алан хядах ажиллагааг зохион байгуулж, хянадаг. Хүйтэн дайн төгссөн ч шантааж болон хатуу дэглэмийг өнөөг болтол Украйн, Молдави, Белоруссын эсрэг ашигласаар байна.”

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад. 2011 он. “Ардчиллын цэцэгс НАТО-гийн пуужингаас дэлбээлж чадах болов уу? Тэд асуулт, шүүмжлэлийн алийг нь ч сонсдоггүй бөгөөд өөрсдийн үйлдсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхийн оронд бурууг бидэнд тохдог. Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шударга бусаар бүрдүүлсэн учир шинэчлэх хэрэгтэй. Гариг даяар тархсан эмх замбараагүй байдал, харгислалыг төгсгөл болгохын тулд хамтдаа ертөнцийг удирдахаас өөр зам байхгүй гэдгийг бид бүгдээрээ ухамсарлах ёстой.”