УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэйд ажиллалаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.04.14

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэйд ажиллалаа

 УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Чингэлтэйн иргэдтэй хийх уулзалт үргэлжлүүлж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд дүүргийнхээ 14-19-р зургаан хорооны иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, өөрийн тойрогтоо хийж буй ажлаа танилцуулсан. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд мөн 8-13-р хороодод ажиллав.

УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр байлгахын төлөө тууштай зогсохыг Чингэлтэйн иргэд дайлаа. Мөн иргэдийн анхаарал татсан нэг санал нь нийслэлийн иргэдийн халамжийн асуудал байв. “Малчдад ноос, ноолуур, арьс ширний урамшуулал гээд их хэмжээгээр тэтгэмж олгодог ч нийслэлийн иргэдэд ямар нэг тэтгэмж байдаггүй, төрөөс малчдыг илүү харж үзэж байна.

Анхаарал татсан нэг санал нь нийслэлийн иргэдийн халамжийн асуудал.

Гэтэл малчид мах, сүүгээ өндөр үнээр борлуулдаг, биднээс амьдрал ахуй нь сайн байна” гэсэн саналтай иргэд байв. Мөн иргэд “Давхар дээл”-ийг тайлах асуудалд ихээхэн анхаарал хандуулж буй ажээ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын сайдаар ажиллах нь зохимжгүй, дариу засаад явах ёстой гэх иргэд цөөнгүй байв.

 Чингэлтэй дүүрэгт энэ жил улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар таван цэцэрлэг барихаар төсөв суугджээ. Цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаа нөхцөлд цэцэрлэг баригдах болсонд иргэд талархалтай хүлээж авсан байна.