Д.Баярсайхан: Даатгалын салбарын үзүүлэлт өссөөр байна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.
-Даатгалын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах нь Санхүүгийн зохицуулах хорооны хийх ёстой ажил. Энэ хүрээнд сүүлийн үед даатгалын салбарт ямар асуудал яригдаж байна вэ?
Сүүлийн жилүүдэд хөгжлийн шаардлагад нийцсэн санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтэрч байгаатай уялдуулан даатгалын зохицуулалт хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хийж байна. Түүнчлэн төрийн нуруун дээр ирсэн ачааг багасгах үүднээс арилжааны даатгалын тогтолцоог ихээр ашиглах боллоо. Тиймээс эрсдлийн удирдлагыг сайжруулах шаардлага гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл даатгалын хяналтын тогтолцоог манай зүгээс сайжруулах учиртай гэсэн үг.
-Даатгагчдын эрх ашгийг хамгаалахад ямар ажил хийж байгаа вэ?
Даатгалын зах зээлд ил тод байдлын зарчмыг хэрэгжүүлсэнээр даатгалын компанид санхүүгийн тайлан, мэдээллийг иргэд даатгуулагчдад нээлттэй болгож чадлаа.
Даатгалын салбарууд тогтмол өсч байгааг хэлэх нь зүйтэй.
Даатгалын салбарт мэргэжлийн актуарч андоррайтер зэрэг мэргэжлийн хүмүүс хомсдолтой байгаа хэдий ч даатгалын хураамж, даатгалын нөөцөд шаардлагаа сайн тавьснаар чадавхи сайжирсан гэж үздэг. Ер нь сүүлийн арван жил даатгалын салбарын бүх статистик үзүүлэлтийг харахад өссөн дүнтэй гарч байгаа. Хэдийгээр эдийн засагчид банк давамгайлсан санхүүгийн систем гэж ярьдаг ч хөрөнгийн зах зээл, даатгалын салбарууд тогтмол өсч байгааг хэлэх нь зүйтэй.
-Төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн сайжруулж байна вэ. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх болсон. Тухайлбал даатгалын салбарт энэ байдал ямар байна?
Сайн хэрэгжүүлж байгаа. Тухайлбал даатгалын салбартай холбоотой сургалтын бүх үйл ажиллагааг мэргэжлийн холбоодод бүрэн шилжүүлсэн. Энэ нь төрийн зарим чиг үүргийг шилжүүлж байгаа нэг хэлбэр шүү.
-Жолоочийн албан журмын даатгалын араас мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоог бүрдүүлнэ хэмээн даатгалынхан ярих боллоо. Өмнөх хууль маань хэр үр дүнтэй байгаа талаар яриач?
Жолоочийн албан журмын даатгал сүүлийн хоёр жил маш амжилттай хэрэгжсэн гэж үзэж байгаа. Бусад улсын хувьд энэ даатгал их хүндрэл учруулдаг. Харин манай улсад үндэс сууриа их сайн тавилаа.
Ойрын жилүүдэд мэргэжлийн хариуцлага буюу нотариат, өмгөөлөгч, ажил олгогч, санхүүгийн зуучлагч, эмч сувилагчийн зэрэг хариуцлагын тогтолцоог энэ тогтсон хөрсөн дээр улам батжуулахаар ажиллаж байгаа.
Манай санхүүгийн зохицуулах хороо НҮБ-тай хамтарсан төслийн хүрээд бичил даатгалын шинэ бүтээгдэхүүн болвсруулахаар ажилласны дүнд бага орлоготой эмзэг бүлгийн иргэдийн ашиг сонирхлыг даатгалаар хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ төслийн үндсэн зорилго бол бага орлоготой иргэдэд даатгалын бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой байсан.