Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нар УИХ дахь жендэр хүний эрхийн элчээр ажиллах боллоо
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд Жендэрийн асуудлаар эерэг ойлголт түгээх, нөлөөлөх зорилгоор хоёр элчийг тодруулан хамтран ажиллахаар боллоо.
Жендэр, хүний эрхийн элч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, олон нийтэд эерэг мэдээлэл хүргэх, төсвийг жендэр мэдрэмжтэй болгох зорилгоор УИХ-ын гишүүд болон бусад төлөөлөлд хандсан ухуулга нөлөөлөл хийх ба Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн асуудлыг сурталчлах хоёр элчийг тодруулан, тэдний мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр ажиллана.
Жендерийн эрх тэгш байдал
Дээрх асуудалтай холбогдуулан Жендэрийн үндэсний хорооны гишүүдээс санал авснаар Д.Батцогт (УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга), Л.Эрдэнэчимэг (УИХ-ын гишүүн, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга) нарыг УИХ дахь Жендэр хүний эрхийн элчээр сонгосон.
Өнөөдөр ЖҮХорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Болормаа УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг нартай уулзаж Жендэр хүний эрхийн элчээр сонгогдсоныг албан ёсоор мэдэгдэж, хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.