"Ц.Баярсайханд хариуцлага тооцно"
УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд харицлага тооцох асуудлыг хөндөн тавихаар ярилцсан байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Барилгын салбарын ажил эхлэнгүүт л өмнөх жилүүдийнхээ алдааг давтаж хар бараан мэдээллүүд тасрахгүй байгаа. Үүнээс үүдээд бие даагч гишүүдийн хувьд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Барилгын сайдыг огцруулах асуудлыг хөндөх ёстой. Өнөөдөр барилгын салбарт өчнөөн осол гэмтэл гарч хүний амь нас эрсэдсэн байна. Гэтэл салбарын сайд нь Мэргэжлийн хяналтын даргад буруугаа нялзаагаад сууж байгаа нь юу гэсэн үг вэ. Одоо Ц.Баярсайхан сайдыг нэг сарын хугацаанд харъя. Дахиад барилгын салбарт осол аваар гарах юм бол хариуцлага тооцох асуудлыг бие даагчдын зөвлөлөөс хөндөнө. Салбарын сайд ч бидний энэ байр сууринаас сануулга авна биз" гэлээ.
Мөн бие даагчдын зөвлөлөөс Газрын тухай хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, Энэ хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө хууль санаалагчийн зүгээс хуулийн төслөө эргүүлэн татах нь зүйтэй гэлээ. Учир нь энэ хуулийн төслийг дахин боловсруулах шаардлагатай байгааг онцолсон.
Газар өмчлөлийн асуудлаар дамжуулан хүний эрхийг зөрчих, баян, ядуугийн ялгааг ихэсгэх, улмаар тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд байгааг бие даагчдын зөвлөл онцолсон. Хуулийн төслийг эргүүлэн татах, дахин боловсруулах талаар саналаа гаргаж, УИХ-ын даргад захидлаар хүргүүлжээ. Мөн саналаа УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ дахь бүлгүүдийн дарга нарт хүргүүлсэн байна.