Шүүхийн багц хуулийн хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Шүүхийн багц хуулийн хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2014.04.18

Шүүхийн багц хуулийн хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн /2014.04.18/ нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн /шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай/ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулав.

Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай багц хуулийг баталсан. Уг хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс хэрэг, маргааныг эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа учраас эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн агуулга нь Шүүхийн тухай багц хуульд зааснаар шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан харьяалал тогтоох, аль ч шатны шүүхэд аливаа хэрэг, маргааныг шүүгчид хэрхэн хуваарилж, түүнийг албажуулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох байгууллагад нөлөөллийн мэдүүлгийг хөтлөж хүргүүлэх, шүүх хуралдааны явцыг дуу дүрс бичлэгээр баталгаажуулан архивт шилжүүлэх, мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шатны шүүхэд хандан маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг үндсэн харилцааг хуульчлахыг зорьжээ.

Тухайлахад, Шүүх байгуулах тухай хуулийн 2.3-т шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан шүүхийн харьяалал, мөн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг УДШ-ийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэдэг байсныг Шүүхийн тухай хуулийн 21.1.3-т заасантай уялдуулан давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр өөрчлөн тусгажээ.

Мөн Шүүхийн тухай хуулийн 17.2-т “хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.” гэсэн нэмэлт заалт оруулахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.1-д “мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гаргасан шийдвэр эцсийнх байна” гэсэн шинэ зохицуулалтыг нэмж тусгасан байна. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Яагаад ийм өөрчлөлт оруулхаар орлуулж ирэв. Би энэ хуульд өөрчлөлт оруулах нилээд чухал чухал өөрчлөлт өргөн барьсан. Үүнийг яагаад хэлэлцэхгүй байгаа. вэ? хүнийг хууль бусаар тагнаж мөрдөхгүй байх тухай заалт бий. Үүнээс чинь болоод танай АН-ын Хууль зүйн яамны сайд чинь намайг тагначихлаа, чагначихлаа гээд байгаа шүү дээ. Үүнээс чинь болоод нийгэм айдастай болчихлоо. Хууль зүйн сайдыг чанагнаж  байгаа юм чинь намайг бол алчих байлгүй дээ. Жинхэнэ хүний эрхийг хамгаалсан хууль болхоор яагаад хэлэлцэхгүй, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль болхоор хэлэлцээд байдаг нь ямар учир байна.