УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт өдөрлөгт оролцож үг хэлэв.
2014.05.08

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллалаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт 2014 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.

Д.Батцогт дарга энэ үеэр татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Сабин институттэй хамтран зохион байгуулсан “Татвар, дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдал” сэдэвт зөвлөгөөнд оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “ Улсын Их Хурал нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, ард иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн татварын бодлогыг уян хатан болгох, хууль эрх зүйн орчинг сайжруулах, түүний дэд бүтцэд шинэчлэл хийх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, шударга, нээлттэй, ил тод, бизнест ээлтэй татварын орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Амжилт бүтээлээрээ шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагнал гардуулав.

Түүнчлэн Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгддэг вакциныг олон улсын тендер зарлан, худалдан авах ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан зохион байгуулж байгааг тэмдэглэлээ. Мөн дархлаажуулалтын хамрагдалт өсч, тогтворжихын хэрээр вакцины чанар, аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэйг онцлоод, вакциныг үйлдвэрлэх, түгээх, хадгалах явцын стандарт дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт татвар төлөгчдийн өдөрт зориулсан зөвлөгөөнд оролцсоныхоо дараа Ховд аймгийн татварын хэлтсээс зохион байгуулсан “Татвар төлөгч-Танд баярлалаа” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцсон юм. Өдөрлөгийг АНУ-ын Сабин институттэй хамтран зохион байгуулснаараа онцлогтой байсан төдийгүй тус институт нь “Дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, дархлаажуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, түүнийг үр ашигтай зарцуулах, санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох зорилготой ажиллаж байгаа юм.

Бизнес эрхлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцав.

Өдөрлөгийн хүрээнд аймгийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, нийт 40 гаруй татвар төлөгч оролцогчдын талх, нарийн боов, мах махан бүтээгдэхүүн, модон эдлэл, эсгий болон гар урлалын бүтээгдэхүүн, шахмал бонжур зэрэг бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьжээ.

Мөн энэ үеэр татвар төлөгчдөд зориулсан гарын авлага, сонинг оролцогчдод тараан сурталчилж, нийтийн тээврийн хэрэгслийг ашиглан зурагт хуудас байршуулж сурталчлав. Мөн “Татвар эрүүл ирээдүй” сэдэвт зурагт хуудас гарган аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагааг сурталчилсан байна.

Өдөрлөгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Татварын албаны нэрэмжит шагналыг ажлын амжилт, бүтээлээрээ шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гардуулж өглөө.