Сайд Л.Болд Энх тайвны корпусын захирлыг хүлээн авч уулзав
Сайд Л.Болд Энх тайвны корпусын захирлыг хүлээн авч уулзав
2014.05.09

Сайд Л.Болд Энх тайвны корпусын захирлыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпэр Кэмпбэл, АНУ-ын Энх тайвны корпусын Монгол дахь салбарын захирал хатагтай Дарлинь Грантыг 5 дугаар сарын 8-нд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол, Америкийн харилцаанд тэр дундаа иргэд хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглээд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хатагтай Д.Грант Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2 жил ажиллах томилолттой ирдэг боловч Монголд ирж ажилласан сайн дурын ажилтнуудад Монгол орон, монголчууд, монгол ёс заншилд татагдан дийлэнх нь дахин нэг жил сунгадаг гэдгийг онцлон тэмдэглэв.

Энх тайвны корпус нь Монгол Улсад 1991 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ хугацаанд 1000 гаруй сайн дурын ажилтан ирж ажилласан байна. Тус корпус нь Англи хэл, Олон нийтэд түшиглэсэн эрүүл мэнд, Эдийн засгийн хөгжил, Хүүхэд, залуучууд – орон нутгийн хөгжил гэсэн 4 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймагт нийт 109 сайн дурын ажилтан ажиллаж байна. Энэ онд 90 гаруй сайн дурын ажилтан Монголд нэмэгдэн ирэх аж.