Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдана
Зөвлөл хуралдана
2014.05.28

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдана

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал Төрийн ордонд Ерөнхий сайдын ажлын өрөөнд өнөөдөр 16:00 цагт болох гэж байна. Хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагаа, үйлчилгээг өргөжүүлэхтэй холбогдох асуудлуудад шийдэл гаргах зорилгоор энэ удаагийн хурлыг зохион байгуулж байгаа аж.

Хурлаар хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагааны шинэчлэлийн онцлог, шийдвэрлэх зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хамтран ажиллах талууд оролцоо, чиг үүргийнхээ талаар танилцуулга хийх юм байна. Үүнд, Мобиком корпорациас үзүүлэх техникийн нөхцлийн дэмжлэг, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас үзүүлэх үүрэн телефоны үнийн нөхцлийн дэмжлэг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос яаралтай тусламжийн үйлчилгээнд шаардагдах 108 дугаарыг төлбөргүй байх зохицуулалт, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагаас үзүүлэх мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлын арга зүйн дэмжлэг зэрэг багтаж байгаа юм байна.

Хуралд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд болох Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр,  Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга Ч.Сайнбилэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Боловсрол шинжлэх ухааны Дэд сайд Б.Ургамалцэцэг, Эрчим хүчний Дэд сайд Д.Доржпүрэв, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга С.Баатаржав, МҮОНРТ-ын Ерөнхий захирал М.Наранбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хүүхдийн оролцооны байгууллагын үндэсний сүлжээний зохицуулагч, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Захирал Д.Энхжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Мохаммед Малик Фолл, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Суурин төлөөлөгч Винсент Эдвардс нарын хүмүүс оролцох юм байна.

Мөн зочдоор Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холидэй, Мобиком корпорацийн Олон нийттэй харилцах албаны дарга С.Дорждэрэм, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар оролцох ажээ.