М.Энхболд: Н.Алтанхуяг хариугаа өгөхгүй бол огцруулах асуудлыг өргөн барина
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2014.05.29

М.Энхболд: Н.Алтанхуяг хариугаа өгөхгүй бол огцруулах асуудлыг өргөн барина

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-Эдийн засаг хүндэрсэн үү гэж асуувал дэндүү ядмагхан асуулт болох биз ээ. Ард түмний худалдан авах чадвараас л энэ үзүүлэлт шууд харагдаж байгааг та бүхэн мэдэх байх. МАН-ынхан Монголын эдийн засаг ямар нөхцөл байдлаас болж доройтов гэдгийг судалсан сураг байна?

-Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2013 оны эцсийн байдлаар бүгд сөрөг гарч, эдийн засаг гүн хямралд орж, хөгжлийн хурдац зогсонги байдалд орчихсон шүү дээ.

Энд би цөөн хэдэн жишээ дурдъя. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн хоёр  жил дараалан  буурлаа.  Улсын нэгдсэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөгт хүрчихлээ.

Өнөөдөр Монголбанкинд байгаа валютын албан нөөц нэг тэрбум ам.доллар ч хүрэхгүй гэх юм билээ. Энэ бүхэн нь банкны систем хямралд орох нөхцөл бүрдээд байгааг харуулж байна.

Хамгийн гол нь инфляци 12.5 хувьд хүрч,  цаашид ч тасралтгүй өснө гэдгийг Дэлхийн банк тайландаа тусгасан байна. Дээрээс нь гадаа­дын хөрөнгө оруулалт 55 хувиар буурч, гадаад худалдааны алдагдал 2.1 тэрбум ам долларт хүрчихэв. ОУВС-аас эдийн засгийн зөв оновч­той бодлого явуулахгүй тохиолдолд 2015 онд эдийн засгийн өсөлт хасах хоёр хувь болох магадлалтай байгааг сануулж байна. Банкны систем дэх нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар 11.2 их наяд төгрөгт хүрч.  Чанаргүй зээлийн хэмжээ 598 тэр­бум төгрөгт хүрч өнгөрсөн оноос  хоёр дахин өссөний дээр хугацаа хэтэрсэн зээл 198.7 тэрбум төгрөг болж үндсэндээ 78 хувиар нэмэгдлээ.  Төгрөгийн ханш өнгөрсөн хугацаанд 34 хувь хүртэл суларч макро эдийн засгийг бүхэлд нь тогтворгүй болгочихсон. Өнөөдөр Монголбанкинд байгаа валютын албан нөөц нэг тэрбум ам.доллар ч хүрэхгүй гэх юм билээ. Энэ бүхэн  нь банкны систем хямралд орох нөхцөл бүрдээд байгааг харуулж байна.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг танай намынхан дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа. Учир шалтгаан нь юу байна?

-Монголын өрөнд идүүлэх энэ төслийг дэмжихгүй. Яагаад гэдгийг хэлье. Өнөөдөр Монголын төрийн нийт өр 11.9 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 68 хувьд хүрчихээд байна. Энэ нь  хуулиар тогтоосон босго болох 40 хувийг аль хэдийн давсан гэсэн үг. Монголын нийт гадаад өр 19.2 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 34.3 тэрбум төгрөгт хүрчихлээ.  2013 оны эдийн засгийн өсөлт гадаад өрийн хүүг төлөхөд ч хүрэлцэхгүй байна. Дээрээс нь дотоодын зээлийн өрийн үлдэгдлийг нэмж тооцвол Монгол Улсын нийт өр 45 их наяд 446 тэрбум төгрөг хүрч байна шүү дээ. Энэ бол аюул. Аюул, аюулдаа аймшигтай аюул.  Энэ байдлаас харахад Монгол өрийн улс болж, Монголын ард түмэн өлгийтэй нялхсаасаа эхлээд өвгөд хөгшдөө хүртэл өрийн дарамтанд орчихлоо. Үүнийг манай намынхан гаргаж ирээд байгаа юм биш. Олон улсын байгууллага суд­лаж шинжлээд тогтоож байна.

ОУВС болоод Дэлхийн банк­ны хамтарсан судалгаагаар “Монгол өрийн дарамтанд орох бага зэрэг эрсдэлтэй” гэсэн ангилалд багтаж,  цаашлаад “өрийн дарамтанд орох өндөр эрсдэлтэй” гэсэн ангилал руу  шилжиж  болзошгүй гэж дүгнэсэн байна лээ. Өнөөдөр бизнес эрхлэх таатай орчин хумигдаж, төрийн оролцоо, дарамт хэрээс хэтэрч, олон зуун аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж  байна. Нэг жишээ хэлье. 2012 онд хөдөө аж ахуйн чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж цөөрсөн.

Уул уурхай салбарт үйл ажиллагаа эрхэлж байсан 430 аж ахуйн нэгж 70,  боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж ажилладаг байснаас 926 болж буурлаа.

Энэ бүхэн манай улсын эдийн засгийн доройтол ямар төвшинд хүрээд байгааг харуулж байгаа юм. Энэ нь төрийн бодлого алдагдсан,  бизнесийн орчин муудсаныг нотолж, өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдлыг илэрхийлж байгаа бөгөөд дотоодын бизнес эрхлэх орчин  хамгийн муу, таагүй  байгааг харуулж  байна.

-Эрх баригч намынхан эдийн засаг тийм ч их доройтоогүй гээд байгаа шүү дээ?

-Монгол Улсын эдийн засаг хямралын төвшинд хүрсэн байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээсээ нуун дарагдуулж эдийн засаг хямраагүй гэх юм. Тэд хямраагүй гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эрээ цээргүй ярьцгааж,  хямралыг улам их даамжруулж байна даа. Шинэчлэлийн гэх тодотголтой энэ Зас­гийн газрын 1.8 жилийн  хугацаанд бий болгосон үр дүн ердөө энэ. Хамгийн наад захын жишээ гэхэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өссөн атлаа иргэдийн орлого нэмэгдсэнгүй. Энэ нь  хүн амын амьжиргааны төвшинг өдрөөс өдөрт доройтуулахад тусалж байна шүү дээ.  Өнөөдөр 100 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн “100”-гийн торонд өлхөн багтдаг боллоо. Орон сууцны үнэ өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдлээ. Цахилгаан дулааны үнэ 11.4 хувиар өсөв.

Ийм байхад Засгийн газар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээ авсангүй. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх ёстой байтал тэтгэврийг  хэрхэн нэмэгдүүлж ард түмнээ хуурсныг монголчууд мэдэж байгаа. Монголын төрөөс гадна иргэд маань ч гэсэн зээлэнд баригдаж дуусах нь.  Монголбанкны статистикаар хөдөлмөр эрхлэгчдийн 30.5 хувь  буюу 247.319 хүн нийт 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй. Тэтгэвэр авагчдын 83.2 хувь нь буюу 186.644 өндөр настан нийт 294.2 тэрбум төгрөгийн тэтгэвэрийн зээлтэй байна. Үүнээс  харахад эдийн засгийн хямрал манай улсын нийгэмд хэрхэн хүндээр тусч байгаа нь илэрхий шүү. Бодит байдалд ийм л байхад зарим хүн эсрэг зүйл яриад явж байна шүү дээ.

-Хэн?

-Эдийн засгийн хөгж­лийн сайд нь “Мон­голчууд бид хамгийн баян улс, үүнийгээ мэддэггүй.  Мөнгө бол асуудал биш, дэлхийд нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг улс нь хамгийн баянд тооцогддог жишиг байдаг юм шүү” гээд сууж байна. Монголын нийгэм, эдийн засгийн  байдал өдрөөс өдөрт улам бүр  доройтож  улс орны эдийн засгийн аюулгүй байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрчихлээ.  Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил болж байна. Тэднийг засаг барьсан хугацаанд Монгол Улсад шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, ардчилал улам бүр хумигдах боллоо.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил болж байна.

Энэ бүгд цаасан дээрх тунхаг, өнгөрсөн түүхэн дэх дурсамж болж үлдлээ. Эрх баригчид ардчилал, төрийн нэрийг барьж ард түмнээ, бизнес эрхлэгчдээ ялгаварлан гадуурхаж тал бүрээр дарамталж, шахан хавчиж байна. Эрх мэдлийн зөөлөн суудлаасаа салчихгүйн тулд хэнтэй ч нөхөрлөж юу ч хийхээс буцахгүй, хэлсэн ярьснаасаа бултаж мэлзэх нь “дүр эсгэсэн ардчилагчид”-ын бодит үнэн дүр төрх боллоо. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг эцсийн хэлэлцүүлэгт унагаж, “давхар дээл”-тэйгээ  үлдсэн нь эрх баригчид төрийн хэргийг хойш тавьж, өөрийн эрх ашгийг өмнөө тавьсныг ил тод гэрчилнэ. Энэ бол өнөөгийн эрх баригчдын харагдах байдлын зөвхөн нэг тал нь.

-МАН-ынхан саяхан Ерөнхий сайдад муу ажиллаж байгаа гэх зарим сайдад хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлсэн. Үүнийхээ хариуг аваа юу?

-Ер нь эдийн засаг ингэтлээ хямарч,  унаж байхад  ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаад хариуцлага тооцох тухай УИХ дахь цор ганц сөрөг хүчний хувьд МАН-ын бүлэг хатуу сануулж, удаа дараа шаардаж байна. Гэвч АН-ын даргын толгойлсон Засгийн газар УИХ-ынхаа гишүүдийн эрх мэдэл дээр зайдагнаж “эдийн засаг хямраагүй, амьдрал сайхан  байна, сайн сайхан юм бодож бай” гэх мэтээр ард түмнийг хоосон үгээр ховсдохыг оролдож байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд манай бүлгийн гишүүдээс Засгийн газрын тэргүүн болон сайдуудад эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн талаар байнга асуулга тавьж, санал зөвлөмж хүргүүлсээр ирлээ.

АН-ын бүлгийн даргын хэлсэнээр жинхэнэ “Алтанхуягийн Засгийн газрын чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэгч болоод байна.

Миний бие УИХ дахь сөрөг хүчний даргын хувьд бүлгийн даргатай хамт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд орж, улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, мэдэгдэл өгсөн. Гэвч хариугаа өгөөгүй байна. Засгийн газар, эрх баригчдын зүгээс ямар нэгэн хариу ирүүлээгүй ард түмнийхээ үгийг үл тоомсорлож байна.  Хэрэв мэдэгдэл өгснөөс хойш 10 хоногийн хугацаанд хариу өгөхгүй бол  хариуцлагаа ухамсарлахгүй байгаа эрх мэдэлтнүүдийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина.

-Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудлыг өргөн барих уу?

-Шинэчлэлийн гэх энэхүү Засгийн газарт нэгдсэн бодлого ч алга, тодорхой төлөвлөгөө ч алга.Эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх гарц, гаргалгаа ч алга. Үүнийг өнгөрсөн долоо хоногоос энэ долоо хоногийг дамжин яригдаж байгаа улсын төсвийн тодотголын хэлэлцүүлгийн байдал маш тодорхой батлан харуулж байна.

Харин эдийн засгийн  хүндрэл ужгирч, нийгэмд ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй бухимдал ихэсч, засаг төрийн хариуцлагүй байдал улам даамжирч удирдлага жолоодлогогүй уналт үргэлжилж байна. Эрх баригчдын доторх улс төрийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, өрсөлдөөний золиосонд Монгол орныг хөгжүүлэх уул уурхай, төмөр зам, хөдөө аж ахуй, эрчим хүчний томоохон төслүүд нурж уналаа. Эзэнгүй, хөрөнгөгүй, төсөвгүй, дуусдаггүй ажлууд хаа сайгүй бий боллоо. Харин монголчууд өрийн намагт улам гүн живж байна. Энэ бүхэн нь Засгийн газрын бодлогогүй, уламжлалаа орхигдуулсан, улстөрж­сөн, хөрөнгө мөнгө хөөсөн замбараагүй,  салан задгай байдлаас эхлэлтэй гэж УИХ дахь сөрөг хүчин дүгнэж байна.  Цаашид энэ хариуцлагагүй Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж болохгүй.

-Танай намаар сонин сайхан юутай байна вэ. Намын дарга болсноор юунд өөрчлөлт гарав. Таныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг бусад руу дайрч давшилдаг арга барилтай хүн юм гэж тодорхойлсон байна лээ?

-Олон жил төрийн эрхийг дангаар болон хамтран барьж ирсэн манай намыг тэмцэх чадваргүй, гудамжинд гараад жагсаал цуглаан хийж чаддаггүй гэх шүүмжлэл нэлээд бий. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдад сануулга өгөх, бурууг шүүмжлэх, намынхаа гишүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн улс төрийн зорилгот акцуудыг намын бүх шатны байгууллагуудаас шат шатандаа удаа дараалан зохион байгуулж ажиллалаа. МАН-ын улс төрийн тэмцэх чадвар, сөрөг хүчний улс төрийн үүргээ биелүүлэх чадамж өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Гэхдээ МАН сөрөг хүчний хувиар бүхнийг буруутгах, таслан зогсоохыг урьтал болгохгүй байхыг, улс орныхоо үндэсний язгуур эрх ашгийг сахин хамгаалахын төлөө байнга ажиллаж байна. Цаашид ажилласаар ч байх болно. Өнөөдөр сонгууль хоорондын хугацаа  дундаа орчихож. 24 хүрэхгүй сарын дараа нөгөөх ээлжит сонгууль болно. Сонгуулийн хууль одоогоор батлагдаагүй ч улс төрийн ямар ч нөхцөлд сонгуульд оролцох, өрсөлдөх бэлтгэлийг улс төрийн туршлагатай, тулхтай хүчний хувьд манай нам одооноос хангаж ажиллана.